Б.Эрдэнэдалай: Томсгосон сонгуулийн тойрог нь жалга довын үзлээс салгаж, бүсчилсэн хөгжлийг дэмжинэ гэж байгаа ч мөнгөөр уралдсан сонгууль болно
МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэд профессор, доктор Б.Эрдэнэдалайтай ярилцлаа.
– Улстөрчид болон сонгуульд горилогч нар иргэд сонгогчдын саналыг татахын тулд зудаар шоу хийж, сайн хүний дүр эсгэж байна гэдэг шүүмжлэл энэ өдрүүдэд их яригдаж байна. Сонгуулийн өрсөлдөөн тэгш гараанаас тэнцвэртэй явагдах ёстой гэдэг. Гэтэл Парламентын гишүүд нь сонгуулийн жил өвс, тэжээл тараагаад явж байгаа нь зохимжтой юу?
– Санал татах гэсэн арга гэж харагдаж байгаа. Цагаан сарын өмнө парламентын гишүүд “Улсын аварга малчин” тодруулна гээд тойрогтоо очиж шагнал гардуулсан. Уг нь бол УИХ-ын гишүүд тэгж явах шаардлагагүй юм. Засгийн газрын шагналыг холбогдох хүмүүс нь гардуулах боломжтой. Орон нутгийн иргэд, малчдаас оноо авах гэсэн ийм уламжлал манайд тогтчихсон. Цагаан сарын дараа зуд болж хүндрэлтэй асуудлууд үүслээ. Үүнийг шийдвэрлэнэ гээд парламентын гишүүд, сонгуульд нэр дэвших сонирхолтой горилогчид хэдэн шуудай хивэг, өвс малчдад өгөөд явж байна. Парламентын гишүүд мал аж ахуйн салбарт ямар бодлого явуулбал энэ эрсдэл буурах вэ гэдэгт шийдэл гаргах ёстой хүмүүс. Түр зуурын гал унтраах маягтай зүйл хийж байна.
– Улстөрчдийн энэ үйлдлүүд сонгуулийн өрсөлдөөн тэгш гараанаас тэнцвэртэй явах зарчмыг алдагдуулж байна. Өөрт давуу байдал бий болгох гэсэн ямар үйлдлийг улстөрчид их хийдэг вэ?
– Ардчилсан улсад сонгууль шударга явагдах ёстой. Нэр дэвшигчид нэг гараанаас сонгуулийн сурталчилгаагаа эхэлж, мөрийн хөтөлбөрөө сонгогчдод танилцуулж, мэтгэлцээний журмаар өрсөлдөх ёстой юм. Гэвч манайд парламентын гишүүн, Засгийн газарт сайдаар ажиллаж байсан хүмүүс төсвийн мөнгөөр хийсэн бүтээн байгуулалтыг тухайлбал, шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийг УИХ-ын гишүүн тэрний санаачилгаар хийлээ гээд самбар тавьчихдаг. Угтаа бол татвар төлөгч тухайн орон нутгийн иргэдийн мөнгө л тэнд яваа. Дээрээс нь тойрог услах гэж ярьдаг. Сонгогчдод маш их хэмжээний бэлэг, мөнгө тарааж амлалт өгсөн улс төрчидтэй шинээр улс төрд орж ирж байгаа залуучууд, эмэгтэйчүүд өрсөлдөж буй нь гарааны тэгш бус байдлыг бий болгож байна. Зарим УИХ-ын гишүүд, сайд нар нэр хүндтэй хүмүүс хажуудаа суулгаад бэлдсэн, зохиолтой нэвтрүүлэгт ордог. Өөрийнхөө хийж буй ажлыг тухайн нэвтрүүлгээр ярьж танилцуулаагүй л бол өөр аргаар сурталчилгаа хийж байгаа хэлбэр юм. Иргэд, сонгогчид үүнийг хэр зэрэг шүүж, ингэж болохгүй гэж харж байгаа бол. Манайд гарааны тэгш байдлыг алдагдуулдаг маш олон хувилбарууд байна.
– Энэ удаагийн сонгууль олон зүйлээр онцлогтой. Анх удаа бүсчилсэн тойргоор сонгууль явагдаж 126 гишүүн сонгоно. Шинэ залуу улстөрчид сонгогдох магадлал ямар байгаа бол?
– Хэдий УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн ч эмэгтэйчүүд, залуучууд сонгогдох боломж нэлээд хязгаарлагдана. Жишээ нь 3-4 аймгийг нэг тойрог, мөн хоёр том дүүргийг 1 тойрог болгож байна. Газар нутаг, сонгогчдын тоо их болоод ирэхээр сонгуульд ажиллах ухуулагч нарын тоо нэмэгдэнэ. Сонгуулийн сурталчилгааны тараах материалаа тэр олон айл өрхөд оруулж өгнө гэдэг зардал мөнгийг автоматаар хэд дахин нэмж байгаа. Тэгэхээр залуучууд, бодлого дэвшүүлж буй хүмүүс мөнгөөр уралдах шаардлагатай болно. Энэ босгыг хэдэн хүн давах вэ. Үндэсний аудитын газар сонгуулийн зардлын дээд хэмжээг тойрог бүр дээр зарлах ёстой. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад илүү хэмжээний хөрөнгө зардал гарах байх. Тэгэхээр наад зах нь мөнгөний шалгуур бий болно. Бүсчилсэн хөгжлийг дэмжиж, жалга довны үзлээс сална гэж байгаа боловч сонгуулийн тойрог усалдаг, бэлэг, мөнгө тарааж найз нөхөд танил талаараа саналаа өгдөг хэлбэрээсээ бид салж чадаагүй байна.
– Бие даагчдын боломж бас хязгаарлагдах нь ээ?
– Бие даагчдын хувьд нэлээд хязгаарлагдаж байгаа. Парламентад суудалгүй жижиг намуудын хувьд ч мөн асуудалтай. Тэдэнд эвсэл болж орох боломж бий. Эвсэл байгуулж орвол санхүү, хүн хүчний хувьд том намуудтай өрсөлдөх боломж гарч болох юм.
– Та сонгогчдын саналыг татах зорилгоор тараасан улстөрчдийн бэлгээр үзэсгэлэн гаргаж, акц хийж байсан. Бэлэг тарааж санал татдаг улстөрчдийн арга энэ жил яах бол?
– Бид нар 2019 онд “Улстөрчдийн гарын бэлэг” үзэсгэлэн зохион байгуулж байсан. Энэ бэлгүүд одоо улам баяжсан. Гарын бэлэг гээд эд материаллаг зүйл өгөхөөс гадна санал худалдан авах хэлбэрүүд илүү нарийсаж байна. Буруу тийшээ яваад байна. Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн жилд санал худалдан авах зорилготой үйл ажиллагаа хийхийг хориглосон. Гэсэн хэдий ч улс төрчид иргэдэд туслах нэрийдлээр санал татах, таалагдах арга хэлбэрийн зүйлс хийсээр байна.
– Энэ удаагийн сонгуулийн санал авах өдөр баасан гарагт таарсан нь залуучуудын сонгуульд оролцох ирцийг багасган гэж үзэх хүмүүс байна. Амралтын өдрүүдтэй нийлээд 3 хоног амрахаар залуус сонгууль өгөхгүй амарч зугаалаад явчихна, энэ бол эрх баригчдын залуучуудыг сонгуульд оролцуулахгүй гэсэн арга гэх хардлага ч гарлаа.
– Залуучууд гэлтгүй ямар ч насны хүмүүс агаар салхинд гарья гээд яваад өгөхийг үгүйсгэхгүй. Гэхдээ бид ямар улсад амьдарч байгаа билээ. Бидний өмнө тулгамдсан ямар олон асуудлууд байна. Сонгуулийн санал өгөх өдөр бол энэ болгоныг шийдвэрлэх, хариуцлагатай сонголт хийх өдөр. Өмнөх шиг ээ оройтож очоод саналаа өгнө гэвэл энэ удаад амжихгүй. Энэ жил маш олон нэр дэвшигчээс сонгож саналаа өгнө. Тиймээс сонгогчид хариуцлагатай хандах ёстой.
– Сонгогчдын боловсролд чиглэсэн мэдээ, мэдээлэл хангалтгүй байна гэсэн шүүмж бас явж байна?
– Сонгуулийн ерөнхий хороо ажиллаж байгаа боловч хүч дутна. Сонгогчдын боловсрол руу чиглэсэн ажил дутмаг байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, залуучууд өөрсдөө хүртэл уриалга гаргаж маш ойлгомжтой постер, видео хийх хэрэгтэй. Манай сонгогчдод нэг онцлог байдаг. Сонгуулийг тоодоггүй, дөхөөд ирэхээр нь хаана, яаж санал өгөх билээ гэдэг. Сонгуульд санал өгнө гэдэг нь богино хугацаанд санал хураах өдөр л шийддэг асуудал биш гэдгийг ойлгоосой.
-Ярилцсанд баярлалаа.