С.Бямбацогт: Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар-Сөүл чиглэлд 1,2 сая төгрөгөөр нисэж байна

0

Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2023.03.01/ болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нар танилцууллаа.

https://youtu.be/5uYgy_lw7Js

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт:

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу олон улсын нислэгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нислэлийг сэргээх зорилт тусгагдсан байдаг. 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны дагуу агаарын тээврийг нэмэгдүүлэх чиглэлээр ажлууд хийгдэж эхэллээ. 2023 онд 105 чиглэлд гадагшаа нисэх боломжтой боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн айлчлалын хүрээнд шийдэгдсэн асуудлын нэг нь тус улс руу нислэгийн тоо багтаамжийг нэмэгдүүлж, долоо хоногт 44 удаа нисэж байсан бол одоо 80 гаруй нислэг хийнэ. Өдөрт 11 нислэг ирж буцна гэсэн үг. Зөвхөн Сөүл хот руу нисэж байсан бол Бусан, Дэгү, Мянгу гэх дөрвөн хот руу нисэх боломжтой боллоо.

Мөн Катар, Кувейт улстай агаарын тээврийн хэлэлцээр хийх үүргийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас надад өглөө. Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-тай гэрээ байгуулсан. Хүссэн хот руугаа хүссэн чиглэлд МИАТ компаниар дамжуулан шууд нисэх боломж нээгдэнэ. Австрали улс руу мөн шууд ниснэ. Унгар, Их Британи улсууд руу эхний хагас жилд багтаж шууд нислэг хийх боломжийг бүрдүүлж байна. 

Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт оруулж Япон-Монгол улсын хооронд долоо хоногт 26 удаа нисдэг байсан бол одоо 62 гаруй удаа буюу хоногт 10 нислэг хоёр улсын хооронд хийгдэнэ. Монгол-Тайландын хооронд долоо хоногт 10 байсныг 30 орчим болгож нислэгийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүллээ. Монгол-Туркийн хооронд долоо хоногт 6 удаа нисэж байсныг 34 болгож өдөрт 5 нислэг үйлдэхээр боллоо. “Туркиш эйрлайнс” МИАТ компанид квот шэйр хийнэ. Бээжин хот руу долоо хоногт 42 удаа буюу өдөрт зургаан нислэг үйлдэнэ.

2022 онд дотоодын агаарын тээврийн компаниуд 13 онгоц худалдан авсан байна. 2023 онд тов оврын дөрвөн онгоц авахаар ажиллаж байна. МИАТ компани хоёрыг нь оруулж ирнэ. Ингэснээр дундаа буухгүйгээр дэлхийн том хотууд руу шууд ниснэ.

Авиакомпаниуд нислэлийн томилгоогоо хоорондоо ярьж тохиролцож, түүнийг нь сайд батламжилдаг байх эрхийг олгоно. Өмнө нь төрийн байгууллага баталдаг байсныг өөрсдөөр нь хийлгэхээр боллоо. 

Билетийн үнэ ханшийг зохицуулж байна. МИАТ компани УБ-Бээжин чиглэлд 1,2 сая, УБ-Истанбул чиглэлд 2,2 сая, УБ-Сөүл чиглэлд 1,2-1,5 сая төгрөг болж үнэ буурсан. 2022 онд 500 мянган хүн агаарын тээврээр зорчсон бол 2023 онд 1,5 сая, цаашлаад жилдээ 3,0 сая зорчигч тээвэрлэх боломж бүрдүүлнэ гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *