Цуврал 1: БОАЖ-ын сайд нарын хуулиас давсан журам хэрэгжүүлж нийслэлд олгосон 4115 га газар

0

Засгийн газар 2024 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотын газар ололт, нийтийн тээврийн асуудлыг хянан шалгаж, нотлох баримтыг шинжлэн судлах, сонсгол зохион байгуулах үүрэг бүхий түр хороо байгуулах санаачилга гаргасан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түр хороог ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраар ахлуулах улс төрийн шийдвэр гаргасан. Улмаар УИХ өнгөрсөн сард нийслэлийн газар олголт, авлигал хээл хахуультай холбоотой асуудлаар 2024 оны тавдугаар сарын 15-ны өдөр парламентын сонсгол зохион байгуулж, олон нийтийг мэдээллээр хангах товыг зарлаад буй. Ингэснээр сүүлийн 30 жилийн хугацаанд авлига, эрх ямбны хүчээр нийслэлд замбараагүй газар олгож, Улаанбаатар хотыг өнөөгийн төлөвлөлтгүй байдалд хүргэсэн “газрын мафи”-н эздийг илчлэх хүлээлт нийгэмд үүссэн.

Манай редакц “shilen.gov.mn” болон “egazar.gov.mn” платформд байршсан төрийн нээлттэй өгөгдлийг ашиглан нийслэлийн газар олголттой холбоотой баримтуудыг цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Энэ удаа үе, үеийн БОАЖ-ын сайд нар хуулиас давсан Түр журам ашиглаж нийслэлийн замбараагүй газар олголтод хувь нэмрээ оруулж ирсэн баримтуудыг хүргэж байна. 

БОАЖ-ын сайдад Түр журмаар олгосон хуулиас давсан эрх мэдэл

“Газрын тухай” болон “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулиар Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу БОАЖ-ын сайдад аливаа газрыг ямар нэгэн зориулалтаар олгох эрх огт олгоогүй. Гэтэл Байгаль орчны сайд асан У.Барсболд 2001 оны аравдугаар сарын 26-ны өдрийн Дугаар 218 тушаалаар Түр журам баталж Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах, зөвшөөрөл олгох эрхийг өөртөө олгосон байдаг.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өнгөрсөн сард нийслэлийн газар олголттой холбоотой асуудлаар “Богдхан уулын дархан цаазат газрыг үе үеийн Байгаль орчны сайд нар зарж, өнөөдрийн нөхцөлийг үүсгэсэн. Бүх аманд нь отог нэрээр газар авч, барилга барьсан” гэх асуудлыг хөндөж байв.

Тэгвэл өнгөрсөн 20 жилийн хугацаанд БОАЖ-ын сайдаар ажилласан 12 хүн хуулиас давсан дээрх түр журмыг үндэслэн сайдын тушаал гаргаж нийслэлийн хэмжээнд нийт 1142 аж ахуй нэгжид 1367 нэгж талбар бүхий  41,150,661 м2 газар олгосон байна.

БОАЖ-ын сайдын 2001 оны дээрх Түр журмыг 2022 оны долдугаар сарын 8-ны өдөр хүчингүй болгосон. Гэвч 2023 оны нэгдүгээр сард “Зөвшөөрлийн тухай” хуульд оруулсан өөрчлөлтөөр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох эрхийг БОАЖЯ-ны харъяа Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад олгосон байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ нэг гараараа БОАЖ-ын сайдын хуулиас давсан Түр журмыг цуцалсан боловч нөгөө гараараа тусгай хамгаалалттай газар нутагт газар олгох эрхийг нь хуульчилж өгчээ.

Түүнчлэн, мэдээлэл хариуцагч “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар”-аас  “shilen.gov.mn” платформд байршуулсан газрын мэдээллийн сангийн өгөгдөлд сайд тус бүр хэдэн аж ахуй нэгжид, хэдий хэмжээний газар олгосон талаарх мэдээлэл тусгагдаагүй. Гэтэл сайдын тушаалаар нийслэлд хамгийн их газар олгогдсон 2020 онд л гэхэд БОАЖ-ын сайдаар Н.Цэрэнбат болон Д.Сарангэрэл нар ажиллаж байсан бөгөөд тэдний хэн нь хэдэн аж ахуй нэгжид хэдий хэмжээний газар олгосон болохыг тодорхойлох боломжгүй байна.

БОАЖ-ын сайдын тушаалаар 2004-2023 оны хооронд Улаанбаатар хотод олгосон газрын мэдээллийг ЦХХЯ-ны “shilen.gov.mn” платформоос шүүж харахад 34 төрийн байгуулагад 50 нэгж талбар бүхий 1,247,399 м2, Монгол Улсын 1106 хуулийн этгээдэд 1314 нэгж талбар бүхий 39,883,237 м2, гадаадын хөрөнгө оруулалттай 2 хуулийн этгээдэд 3 нэгж талбар бүхий 20,085 м2 газар тус тус олгосон байна.

Харин БОАЖ-ын сайдын тушаалаар олгосон газрыг зориулалтаар нь авч үзвэл:

  • Аялал, жуулчлалын бааз: 40,725,359 м2
  • Байгалийн цогцолборт газар: 231,783 м2
  • Дархан цаазат газар: 95,303 м2
  • Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор: 34,575м2
  • 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц: 9,992 м2
  • Үйлчилгээтэй орон сууц: 4,161 м2 газрыг тус тус олгосон байна.

Бид цуврал нийтлэлийн үргэлжлэлээр үе үеийн БОАЖ-ын сайдын тушаалаар Богдхан уул болон Горхи тэрэлжийн тусгай хамгаалалтын бүсэд улс төрийн өндөр албан тушаалтнуудад олгогдсон газрын мэдээллийг хүргэх болно.

Эх сурвалж: itoim.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *