“Оффшор” хочит Сү.Батболдын тухай их хэмжээний мөнгөний баримт Малайзын шүүхэд дэлгэгдлээ
Монголын улс төрд 24 жил болж байгаа, УИХ-д таван удаа сонгогдсон түшээ Сүхбаатарын Батболдын тухай их хэмжээний мөнгөний баримт Малайз улсын дээд шүүхэд дэлгэгдээд байна.
Гадаад хэргийн дэд сайд, Үйлдвэр, худалдааны сайд, Гадаад харилцааны сайд, Монгол улсын Ерөнхий сайд гээд хашаагүй албагүй энэ хүнийг “Оффшор” данстай гэх мэдээллүүд олон жилийн өмнөөс цацагдсаар ирсэн. Түүний Оффшор компанитай холбоотой мэдээлэл таван жилийн өмнө “Панамын баримтууд”-аар илэрч байв. Тэрбээр 2003 онд Гадаад хэргийн дэд сайд байх үедээ “Batu Mining Limited” компанийн эзэмшигч болж Виржинийн арлуудад бүртгэгдэж байсан гэх баримт ч дэлгэгдэж байлаа. Мөн Их Британийн Дээд шүүхээс түүний Лондон хотын хамгийн үнэтэй хэсэгт байрлах орон сууцыг мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой тул худалдах, шилжүүлэхийг хориглож байсан гэх мэдээллүүд ч хөвөрч байлаа.
Одоо харин нэгэн шинэ мэдээлэл дэлгэгдсэн нь Малайз улсын ерөнхий сайд асан Нажиб Разакын авлигын хэргийн шүүх хурал болох үеэр ил болов. Малайзын баялгийн сан болох төрийн өмчит 1MDB компанийн их хэмжээний хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт Разак нь буруутгагдан шүүгдэж байгаа юм.
Их Британийн санхүүгийн гэмт хэргийн эксперт Анжела Баркхаус өөрийн явуулсан мөрдлөгийн үр дүнг Малайзын дээд шүүхэд танилцуулж, 1MDB компанийн охин компани SRC интернэйшнл компанийн банкны данснаас 2011 оны арванхоёрдугаар сард гарсан $14.9 сая хаашаа орсон талаар баримт дэлгэсэн байгаа юм.
Уг мөнгө нь Британийн Виржин аралд бүртгэлтэй байдаг Muraset Limited гэх компани руу шилжээд, цааш хэд хэдэн хүний хувийн дансруу хуваагдан орсныг тогтоосон байна.
Эндээс Сү.Батболдтой холбоотой асуудлууд ил болсон бөгөөд 14,9 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн Muraset гэх компанийг Сү.Батболд мөн Виржин аралд бүртгэлтэй Grandcastle Assets Limited компаниараа дамжуулан эзэмшдэгийг Их Британийн санхүүгийн гэмт хэргийн эксперт Анжела Баркхаус танилцуулжээ.
Тэрбээр мөрдлөгөөр тогтоосон баримтаа танилцуулахад 14,9 сая ам.долларын 2 сая ам.доллар нь “Даш Уранбилэг” гэх хүний дансруу шилжсэн бол Сү.Батболдын хүү Баттүшигийн дансанд 40 мянган ам.доллар нь оржээ. Үүнээс гадна Muraset компанийн захирал Чон Чу Юний дансанд 4,5 сая ам.доллар, Чон Чу Юний гэр бүлийн хүн Ким Хак Соны дансанд 1,4 сая ам.доллар тус бүр орсон нь дэлгэгджээ.
Дээрх гүйлгээнүүдээс гадна хоёр компанийн дансанд 7 сая гаруй ам.доллар шилжсэн бөгөөд тэдгээр компаниудыг Сү.Батболдын төлөөний хүмүүс эзэмшдэг гэдгийг ч дурьджээ.
Эх сурвалж: Former Mongolian PM’s son received SRC International’s money, court told (nst.com.my)