Суга татуулсан стратегийн ордуудын бас нэг жишээ: ЦАГААН СУВАРГЫН ОРД
Дорноговь аймгийн Мандах сумаас баруун урагш 75 км зайд 132.39 га талбай бүхий газарт зэс, молибдений Цагаан суваргын орд газар байрладаг. Тус орд нь 240 сая тн хүдэр, 1.8 сая тн зэсийн нөөцтэй.
1964 он
Мандах сумын иргэн н.Насандэлгэр Геологи-хайгуулын удирдах газарт Цагаан суваргын ордыг зэсийн хүдэржилттэй байж болох талаар мэдэгджээ.
1965 он
Чойрын геологийн экспедиц хайгуулын ажлыг эхлүүлжээ. Түүгээр зэс, молибдений хүдэржилттэй болохыг тогтоожээ.
1967 он
Чойрын геологийн экспед эрэл-үнэлгээний ажлын дүгнэлтээрээ “Нөөцийн нь С2 зэргээр 1 357.2 мян.тн зэс, 31.55 мян.тн молибден байна” гэж тооцсон. Үүнээс хойш геологийн зураглал, геофизикийн ажил, уул өрмийн ажил, технологийн туршилт зэргийг гүйцэтгэжээ.
1977-1978 он
“Нөөцийг С1+С2 зэргээр 1280 мян.тн зэс, 43.9 мян.тн молибден байна” гэж тооцсон.
1980-1982 он
Нэмэлт хайгуул ажлын дүнд “Балансын нөөц В+С1+С2 зэргээр 1280.85 мян.тн зэс, 43.62 мян,тн молибден, балансын бус нөөц В+С1+С2 зэргээр 197.67 мян.тн зэс, 7.05 мян,тн молибден” гэж тооцжээ.
2001-2007 он
МАК ХХК хайгуулын ажлынхаа үр дүнг ЭБЭХЯ, АМГ-ын Эрдэс баялагийн зөвлөлөөр 2009 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Цагаан суваргын ордын нөөцийг 21-01 дугаартай дүгнэлтээр тогтоосон байна.
2005.4.4
“Хөх тэнгэр тур” ХХК-иас Цагаан суваргын ордыг ашиглах хүсэлтийг гаргажээ. Тус компанийг иргэн Д.Хулан 2001 онд үүсгэн байгуулж, 2009 онд татан буулгасан байдаг.
2005.4.13
АМГТГ-ын ГУУКГ-ын дарга Х.Хэрлэнгийн 508 дугаартай шийдвэрээр 9630А лицензийг 60 жилийн хугацаагаар олгожээ.
2005.4.22
“Хөх тэнгэр тур” ХХК нь ашиглалтын лицензээ МАК ХХК-д шилжүүлэх хүсэлтийг гаргажээ.
2005.5.4
АМГТГ-ын Х.Хэрлэнгийн тушаалаар МАК ХХК-д шилжүүлэв.
2005.9.8
МАК ХХК-иас 1977-1978, 180-1982 онд хийгдсэн хайгуулын зардал 714 мянган ам.долларыг төлжээ.
2007.2.22
АМГТГ-ын дарга Лу.Болд Цагаан суваргын ордын шинэчилсэн бүртгэлийг хийж гэрчилгээг МАК ХХК дээр гаргав.
2009.7.29
МАК ХХК-иас Эрдэс баялгийн зөвлөлөөр Цагаан суваргын ордын нөөцийг тогтоолгов.
2014.4.7
МАК ХХК-иас Цагаан суваргын ордыг “Эрдэнэс Цагаан суварга” ХХК-д шилжүүлэх өргөдөл гаргажээ. “Эрдэнэс Цагаан суварга” ХХК нь 2014 оны дөрөвдүгээр сарын 3-нд байгуулагдсан. Гүйцэтгэх захирал нь Г.Цогт, эцсийн өмчлөгч нь МАК ХХК аж.
2014.4.8
АМГТГ-ын ГУУКГ-ын дарга Н.Чинбаатар 313 дугаартай шийдвэрээр тус ордыг “Эрдэнэс Цагаан суварга” ХХК-д шилжүүлэв.
2014.7.1
УИХ-ын 54 дүгээр тогтоолоор “Төр Цагаан суваргын ордод хувь эзэмших шаардлагагүй” гэж үзэв. Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай тус тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтыг үндэслэн УИХ-аас тогтоох нь: .”Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны хоёрдугаар сарын 06-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 10-т заасан “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй” гэсэн байдаг. Тухайн үед УИХ-ын дарга З.Энхболд байсан. Мөн уг шийдвэрийг гаргасан УИХ-ын чуулганы хуралдаанд 53 гишүүн оролцож, 32 нь буюу 60.4 хувь нь дэмжсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн А.Бакей, Сү.Батболд, Ж.Батсуурь, Д.Батцогт, Г.Баярсайхан, С.Бямбацогт, Д.Ганбат, Б.Гарамгайбаатар, Р.Гончигдорж, Ц.Дашдорж, Д.Дэмбэрэл, С.Дэмбэрэл, Д.Зоригт, Д.Лүнджээжанцан, Ц.Нямдорж, С.Одонтуяа, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, М.Сономпил, А.Тлейхан, Ч.Улаан, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан, М.Энхболд, З.Энхболд, Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нар дээрх тогтоолыг дэмжиэ санал өгсөн байдаг.
2015.10.13
Уул уурхайн сайд Р.Жигжид, МАК ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир, “Эрдэнэс Цагаан суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогт нар Цагаан суваргын ордын төсөл дээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулав. Уг гэрээнд “Улс орны нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжилд онцгой ач холбогдол бүхий Цагаан суваргын төслийн батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу санхүүжилтийн хэмжээ нь 1 031.0 сая ам.доллар буюу 1 963.0 тэрбум төгрөг болох тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд тусгагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж байгаа”, “УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний өдрийн 54 тоот тогтоолоор Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж шийдвэрлэсэн”, “Хөрөнгө оруулагч нь 2014 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс Цагаан суваргын төслийн үйл ажиллагааг тусгаарлаж, өөрийн 100 хувийн эзэмшлийн “Эрдэнэс Цагаан суварга” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Цаашид төслийг “Эрдэнэс Цагаан суварга” ХХК хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.
2015.5.20
Үндсэн хуулийн Цэц “Цагаан суваргын ордыг МАК-д өгсөн нь Үндсэн хуулийн зөрчилгүй” гэсэн дүгнэлтийг гаргав. Тодруулбал, УИХ-ын 2014 оны 54 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн Цэц дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж “УИХ-ын 2014 оны 54 дугаартай тогтоол Үндсэн хуулийн 6.1 дэх хэсэг дэх Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэснийг зөрчөөгүй байна” хэмээх 07 дугаартай дүгнэлтийг гаргажээ. Өөрөөр хэлбэл “УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтад хамрагдах буюу Цагаан суваргын ордыг улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй” хэмээсэн байна.
Ингэж стратегийн ордын 10 дээр бичигддэг Цагаан суваргын орд аажмаар, 2005-2014 оныг хүртэлх хугацаанд хувийн компанид шилжжээ. Гэвч өнөөдөр тэр орд Монгол Улсын стратегийн ордын жагсаалтад байсаар байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин