Талийгаач Г.Батбаяр өөрийг нь шалгаж байсан мөрдөгч “эрүүдэн шүүж байгаа” талаар удаа дараа гомдол гаргаж байжээ
Сураггүй алга болоод байсан өмгөөлөгч Г.Батбаярыг амь хохирсон байдалтайгаар цагдаагийн байгууллагаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа билээ.
Тэгвэл талийгаач Г.Батбаяр нь нас барахынхаа өмнө цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан бөгөөд уг хэрэгт холбоотойгоор эрүүдэн шүүгдэж байна гэх гомдлыг хуулийн байгууллагад удаа дараа гаргаж байжээ.
Тодруулбал, өмгөөлөгч Г.Батбаярыг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, худал мэдээлэл олон нийтэд тараасан гэх гэмт хэрэгт шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Сүхбаатар дүүргийн прокурорын газар хүргүүлсэн байжээ. Тэрбээр ийнхүү шалгагдаж байхдаа нэр бүхий мөрдөн байцаагч нь эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж байгаа талаар гомдол гаргаж байсан аж. Гэсэн ч энэ дагуу шалгахад уг нөхцөл байдал тогтоогддоггүй байсан гэх үндэслэлээр гомдлыг нь хааж байсан байна.