Их тэнгэр цогцолбороос алдагдсан уран зургуудыг экс Ерөнхийлөгчийн хадам дүү “хадгалж” байсан уу

0

Их тэнгэр цогцолбороос алга болсон 21 ширхэг уран зураг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хадам дүү Х.Болдбаатарын эзэмшлийн “Монгол арт галерей”-гаас олджээ. Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу тавдугаар сарын 7-нд түүний гэр болон ажил дээр нь нэгжлэг хийснээр дээрх зургуудыг олсон болохыг албаны эх сурвалж баталсан.

Тэгвэл Их тэнгэр цогцолбороос алдагдсан уран зургуудын талаар өмнө нь хэвлэлд нийтлэгдэж байсан мэдээллүүдийг тоймлон хүргэе.

Эдгээр зурагтай холбоотой мэдээлэл анх 2018 оны үеэс хэвлэлээр гарч, олны анхаарал татаж эхэлсэн. Тодруулбал, тухайн үед Уран зургийн галерейн захирлаар ажиллаж байсан соёл судлалын ухааны доктор А.Янжив энэ талаар анх шүгэл үлээсэн байдаг.

Түүний ярилцлагаас сийрүүлбэл, “Их тэнгэр цогцолбор, Хатан туул зочид буудлын ханыг нь чимэглэхээр түр байршуулна гэсэн гэрээтэйгээр 1986 онд Дүрслэх урлагийн музейгээс 40 бүтээл тэнд байршуулсан байдаг. Тухайн үед хүлээлцэх акт үйлдэж, түр байршуулсан. 2008, 2012 онд тооллого хийхэд 34 зураг тоолуулсан юм билээ. 1986 онд авсан 40 бүтээлээс нэг л бүтээл тоологдсон. Өөрөөр хэлбэл, 33 бүтээл 1986 онд аваачсан бүтээл биш байсан. Уг асуудлыг Уран зургийн галерейн захирлаар ажиллаж байх хугацаандаа гаргаж ирсэн. 2008, 2012 онд очиж тоолуулсан 34 бүтээл алдартай хүмүүсийн туурвисан зургууд. Тэд яалт ч үгүй Уран зургийн галерейд байх ёстой зургууд юм. Өмнөх 40 бүтээл хаана байна вэ гэдгийг судалсан. Гэтэл хоёр бүтээл нь манай галерейн сан хөмрөгт буцаж ирсэн байсан. Ингээд 37 зургийг эрэн сурвалжилсан. Үүнээс 21 зургийг нь огт олоогүй хэмээж байжээ.  

Харин үүнээс хэдэн сарын дараа нэр дурдагдаад буй Ерөнхийлөгч асны хадам дүү Х.Болдбаатар “Би Монголын дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн. Манай нийгэмлэг Монголын зураачдын зургийг цуглуулдаг, хадгалдаг, гадаадын орнуудад сурталчлах үйл ажиллагаа явуулдаг. Их тэнгэр цогцолбороос алга болсон зургуудыг хайх явцдаа цагдаагийн байгууллагаас манай галерейд байсан 10 зургийг шинжилгээ хийхээр хураан авсан. Нэг зургийг олон зураач өөр өөрийнхөөрөө зурах тохиолдол бий. Тиймээс алга болсон гээд байгаа зургуудтай төстэйг нь хурааж авсан. Алдагдсан зураг уу үгүй юу гэдгийг би мэдэхгүй. 

Ц.Элбэгдорж гэдэг жижигхэн дэслэгч миний ганц эгчтэй гэр бүл болсон. Би Ерөнхийлөгч Х.Баттулгын жолооч нь байсан. Түүний жолооч байхдаа уран зурагт илүү дурлаж, цуглуулдаг болсон. Гэхдээ манай гэр бүл Их тэнгэрээс зураг хулгайлахаар хүмүүс биш” хэмээн хэвлэлд ярьж байв.

Х.Болдбаатарын галерейгаас хураасан 10 зургийг мэргэжлийн шинжээчид нягтлаад есийг нь  түүнд буцаан өгсөн байдаг. Учир нь 10 зургийн нэг нь л Уран зургийн галерейд бүртгэлтэй байсан аж.

Тэгвэл үүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд уг хэргийг шалгах явцад зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон тохиолдол ч байна. Тодруулбал, уг хэрэгт хохирогчоор оролцож байсан тухайн үеийн Боловсрол, шинжлэх ухааны яамны ажилтан хэргийг хаах хүсэлт гаргаж байж.

Ямартай ч хууль хяналтын байгууллагаас хоёр дахь удаагаа Х.Болдбаатарын эзэмшлийн галерейд нэгжлэг хийж, уран зургууд хураан авч. Тэндээс хураан авсан уран зургууд Их тэнгэр цогцолбороос алдагдсан зургууд мөн эсэхийг тогтоохоор шинжээчид ажиллаж эхэлжээ. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *