Ц.Элбэгдоржийг “Гаднын улсад байгаа” гэх шалтгаанаар ямар зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байгааг нь нууцлах чиглэл өгчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Түүнийг “Эрдэнэт үйлдвэр” болон “Ачит Ихт” ХХК-ийн мөнгө угаалтын схемтэй холбоотой асуудалд яллагдагчаар татан шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Харин ямар зүйл ангиар яллагдагчаар татсан гэх мэдээллийг хуулийн байгууллагаас одоогоор нууцалж байгаа аж. Учир нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гаднын улс оронд байгаа, “Өөрийг нь эх орондоо байхгүй байхад энэ талаар мэдээлэх нь зохисгүй” гэж үзжээ. Тиймээс одоогоор энэ талаар мэдээлэхгүй байхыг хуулийн байгууллагын удирдах албан тушаалтнууд чиглэл болгосон гэх мэдээлэл байна.
Харин “Ачит Ихт” ХХК-ийн удирдлагыг “байнга мөнгө угаасан”, “татвараас зайлсхийсэн” гэх хэргээр яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Эргэн сануулахад, Монгол Улсын нэр бүхий иргэн нь “Ачит ихт” ХХК-ийн удирдах албан тушаалтан, гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа буюу 2019 оноос 2023 оныг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор “Ачит ихт” ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Э-ийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сингапур улсад үүсгэн байгуулсан “F” LTD компанитай байгуулсан нууц гэрээний хүрээнд дотоодын зэсийг 1 тонн тутамд 300-350 ам.долларын үнийн хөнгөлөлт үзүүлэх нэрийдлээр борлуулалтын орлогоосоо хасуулж, татвар ногдол, суурийг багасгаж татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй байгаа аж.
Мөн дээрх татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж 2019 оноос 2023 оныг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “F LTD” компаниар дамжуулан “Цаглабар” ХХК-ийн арилжааны банкны дансанд 13,532,640.54 ам.доллар буюу 41,172,676,684.01 төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор бизнесийн үйл ажиллагаанд оруулан эргэлтэд оруулж байнга тогтвортой мөнгө угаасан гэх хэрэгт энэ сарын 24 /2024.04.24/-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас иргэн Д.Н-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж эхэлсэн байдаг.
Эх сурвалж:isee.mn