Скүүтэртэй зорчигчид мөргүүлж гэмтсэн хүмүүсийн тоо нэмэгдэж байна
Цаг дулаарч иргэд унадаг дугуй, скүүтэр, цахилгаан дугуй зэргийг унаж замын хөдөлгөөнд оролцох нь ихэссэн. Тэгвэл Монгол Улсад дээрх тээврийн хэрэгслээр зорчих зориулалтын зам ховор. Тиймээс тэд явган хүний замаар зорчих нь элбэг байдаг. Тэгвэл унадаг дугуй, скүүтэр, цахилгаан дугуй зэргээс үүдэн явган зорчигчийг гэмтээх асуудал нэлээд байгаа гэнэ.
ГССҮТ-өөс мэдээлснээр скүүтэртэй зорчигчид мөргүүлж 2022 онд 96, 2023 онд 266 хүн бэртжээ. Тэгвэл 2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар 56 хүн гэмтэж бэртэн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна. Яаж гэмтсэнээс шалтгаалан бэртэл өөр өөр байдаг аж. Тодруулбал “Скүүтэрийн бариулд хэвлий цээжээ хүчтэй цохиулснаас хавиргаа гэмтээх, гар сарвуу хугарах, гавал тархины цуурал, тархины доргилтууд авдаг гэсэн юм. Мөн скүүтэрийн суурь тавцанд мөргүүлж, хөл шагайгаа гэмтээж ирдэг гэдгийг хэлж байна.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Мөнх-эрдэнэ:
-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох нас болон замыг зааж өгсөн байдаг. Хууль, дүрэмд 10 нас хүрээгүй хүүхэд эцэг эхийн хараа хяналт дор явган хүний зам дээр унадаг дугуй унахыг зөвшөөрдөг. Гэр хороололд хашаан дотор, байр орон сууцны орчимд хүүхдийн зориулалтын тоглоомын талбайд унадаг дугуй болон скүүтэр унахыг зөвшөөрнө. Харин 10-аас дээш насныхан зөвхөн явган хүний зам, унадаг дугуйн тэмдэгтэй замаар зорчих ёстой.
Замын хөдөлгөөний дүрэмд явган хүний замаар унадаг дугуй, скүүтэртэй явж байгаа тохиолдолд явган зорчигч давуу эрхтэй.
Тэгэхээр унадаг дугуй, скүүтертэй явж байгаа хүмүүс 10 км цагаас хэтрүүлэлгүй, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж явах дүрмийн заалт бий.
-Хэрвээ явган зорчигчийг мөргөж гэмтээсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?
-Хэрвээ 14-өөс доош насных бол эцэг, эх асран хамгаалагч нь хуульд заасны дагуу тухайн иргэнд учирсан хохирлыг барагдуулна. Зөрчлийн тухай хуулиар зөрчилд хариуцлага хүлээлгэх иргэн буюу 16 насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай хүнд тооцогдоно. Унадаг дугуй, скүүтэртэй хөдөлгөөнд оролцож байгаад авто машин мөргөсөн эсвэл бусад явган зорчигчийг мөргөж гэмтээсэн тохиолдолд 16 насанд хүрсэн бол тухайн иргэнд учруулсан хохирлоо барагдуулах ёстой.