Морингийн даваанд баригдаж байгаа 5-8 сая тонн хог хаягдал устгах үйлдвэр ус, эрчим хүчийг хэмнэнэ

0

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээл болон Европын Холбооны буцалтгүй тусламжаар Морингийн даваанд хог хаягдлын ландфиллийн байгууламж, барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг барьж буй. Уг үйлдвэрийг энэ оны III улиралд ашиглалтад оруулах юм байна.

Үйлдвэр нь ландфиллийн байгууламж, барилгын хог бутлах ангилах үйлдвэрийн талбай, машин механизмын гарааш болон оффисын барилгаас бүрджээ.

Хог хаягдлыг байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүйгээр газарт булшилж, хадгалдаг инженерийн байгууламжийг ландфилл гэдэг бөгөөд хог хаягдал төвлөрсөн цэгт байгуулдаг байна. Хот суурин газраас нэг жилийн дотор гардаг тоо хэмжээнд үндэслэж дунджаар 30-50 жил хог хаягдал дарж булшлахаар тооцоолж ландфиллийн талбайг төлөвлөдөг аж.

УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хотоос жилд 1.4 орчим сая тонн хог хаягдал гардаг. Үүний 20-30 хувь нь барилгын хог байна.

Ландфиллийн байгууламж ашиглалтад орсноор байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан 5.5-8.5 сая тонн хог хаягдал хүлээн авах хүчин чадалтай болох бөгөөд хүлээн авсан хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгана.

Түүнээс гадна жилд 175,000 тонн барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах боломжтой болно.

Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг утгаараа энэ бол ач холбогдол өндөр, үр өгөөжтэй төсөл. 

Бусад хог хаягдлыг ангилж хүлээн аван, шатааж, эрчим хүч гарган авах үйлдвэрийг Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт байгуулахаар ажиллаж байна.

Ландфиллийн байгууламж болон хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд ашиглах машин техникийг шинэчлэх ажлын хүрээнд нийт 29 нэр төрлийн машин техник, сэлбэг хэрэгслийг нийлүүлсэн” гэж ярилаа. 

Түүнчлэн БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүч хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” компанийн төлөөллүүд Морингийн даваа, Нарангийн энгэр дэх хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгарч буй асуудлыг судлахаар манай улсад иржээ.

Морингийн даваанд баригдаж байгаа тус үйлдвэр нь хогийн цэгийн тоог багасгах, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах, ус, эрчим хүчийг хэмнэх, тогтвортой ажлын байр бий болгох зэрэг давуу талтайг онцлов.

Улаанбаатар хотод төвлөрсөн гурван хогийн цэг бий. Тухайлбал Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2009 онд Японы компанийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд шүүрсэн ус цэвэрлэх системгүй, мембран хучлагагүй энгийн хогийн цэг аж. Тус хогийн цэг Багануур, Багахангай, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдээс дунджаар 2,348 тонн хогийг хүлээн авдаг бөгөөд энэ нь хотын хэмжээнд үүсэж буй нийт хогийн 62 орчим хувийг эзэлдэг байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *