УУХҮЯ-ны газрын дарга асан Ч.Чулуунбатыг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгов
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-ны Түлшний бодлогын газрын даргаар 2016-2019 онд ажиллаж байсан Ч.Чулуунбатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, түүний төрсөн дүү И.Одгэрэлийг мөрдөн байцаалтад худал мэдүүлэг өгсөн гэх хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч нар хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр тэднийг цагаатгасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбатын тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс тэднийг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн магадлал хүчин төгөлдөр болов.
Ч.Чулуунбатыг дээрх яаманд эрх бүхий албан тушаал хашиж байхдаа, мөн Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-т ахлах мэргэжилтнээр ажиллах үедээ Баянзүрх дүүрэгт таван өрөө байр, Хан-Уулд хувийн сууцтай болж, тэднийгээ хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр бүртгүүлсэн ч эх үүсвэрийг нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй. Тэрбээр манай улсад газрын тосны хайгуул, олборлолт хийж байсан Канадын хөрөнгө оруулалттай “Шэйман” компаниас өрөмдлөгийн тоног төхөөрөмж хямд үнээр худалдан авч, дүү И.Одгэрэлийнхээ нэр дээрх “Монголианпетролиум девелопмент” ХХК-иар дамжуулан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос Монгол” ХХК-д 190 гаруй мянган ам.доллароор зарж олсон хөрөнгөөсөө тэдгээр орон сууцыг худалдан авсан гэж тайлбарладаг. Гэсэн ч банкны хуулгаар үл хөдлөх хөрөнгө авснаас хойш эл наймааг хийж, түүнийх нь мөнгийг дүү нь өөр зүйлд зарцуулсан нь тогтоогдсон гэдэг.