Ц.Гарамжавыг яллагдагчаар татаж, Монгол Улсын хилээр гарах, Төв аймгийн нутаг дэвсгэрт очих зэргийг нь хоригложээ

0

УИХ-ын гишүүн асан, “Монполимет групп”-ийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг сулласан ч шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газраас 2024 оны тавдугаар сарын 31-ний өдөр яллагдагч Ц.Гарамжавт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох, тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцсэн байна.

Харин прокурорын гаргасан саналын зарим хэсэг буюу тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хэсгийг хүлээн авахаас татгалзсан байна.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өмнө нь мэдээлэл өгөхдөө, “Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан этгээдийн орон байр болон бусад шаардлагатай объектуудад нэгжлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Улмаар тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу 48 цагийн хугацаагаар баривчилсан. Тухайн этгээдийг ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ гэхээр Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, ингэхдээ мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, гадаад улс оронд үл хөдлөх хөрөнгө бий болгосон байж болзошгүй үндэслэлээр шалгаж байна.

Мөн лицензүүдээ хууль бусаар авсан байж болзошгүй, мөн лиценз авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тусгай ангид заасан өөр төрлийн гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй учраас ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албатай хамтран  шалгаж байна.

Эрүүгийн хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд тогтоогдвол мөрдөгч хуульд заасан саналаа гаргаж, прокурор хянаж үзээд шийднэ. АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой улс төрд нөлөө бүхий этгээдүүдийг шалгаж, шүүх байгууллага руу шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр ч гарсан. Одоо манай газар дээр Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдох хэдэн хэрэг байгаа бөгөөд мөрдөн шалгаж байна. Тийм учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавыг 48 цаг баривчилсан гэдэг мэдээлэл үнэн” гэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *