ЗХУТ: Зайсангийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах шийдвэр гараагүй

0

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын 2023 оны А/181 тоот захирамжын дагуу 2023 оны нэгдүгээр сарын 21-нд Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийсэн. Тэгвэл Зайсангийн нэг чигийн хөдөлгөөнийг дахин хоёр чигт оруулахаар хэлэлцэж байна.

Тодруулбал, 2024 оны гуравдугаар сарын 27-нд “Зайсан холбоо” байгууллагаас “Зайсан тойруугийн замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлөх тухай” А/0321 тоот албан бичгийг Замын хөдөлгөөний удирдлагын төв /ЗХУТ/-д  хүргүүлжээ. Уг албан бичигт Зайсан тойрууг нэг чигийн урсгалтай болгосноор Хан-Уул дүүргийн 11, 22 дугаар хорооны 20 мянган байнгын оршин суугчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон үйл ажиллагаа явуулж байгаа 1000 гаруй аж ахуй нэгжийн үйлчилгээнд хүндрэл учруулж байгаа тул иргэдийн эрх ашгийг хамгаалж, нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон шийдвэрийг цуцлан, хуучин байдалд оруулахыг хүссэн юм. Үүний дараагаар Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг хуучин хэвд нь оруулах эсэх 2024 оны дөрөвдүгээр сарын 12-19-ний өдрүүдэд санал асуулга явуулсан.

Санал асуулгад нийт 3100 хүн оролцсоноос 2692 хүн буюу 86 хувь нь нэг чигийн хөдөлгөөнийг дэмжихгүй байна гэж хариулсан байхад ямар нэгэн арга хэмжээ авахгүй, судалгаа хийж байна гэдэг хариултыг өгсөөр өдийг хүрсэн тухай оршин суугчид мэдээлж байсан юм.

Зайсангийн нэг чигийн хөдөлгөөнийг дахин хоёр чигт оруулах эсэх талаар ЗХУТ-өөс тодруулахад, “Зургадугаар сарын 8-наас Зайсангийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлана гэх мэдээлэл батлагдаагүй. Шат шатандаа холбогдох байгууллагууд хэлэлцэж байгаа тул одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна гэв.

Уг зохицуулалтыг хийснээр Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувь, Наадамчдын зам, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37 хувь, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн баруун урд уулзварын зүүнээс баруун чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 28 хувиар тус тус нэмэгдсэн юм.

Түүнчлэн Туул голын гүүрний өргөтгөлийн барилгын ажил дуусаж, ашиглалтад орохын өмнөх болон дараах үеийг харьцуулан үзэхэд оргил ачааллын үед 120 мянгатын уулзварын нэвтрүүлэх чадвар 10.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан тухай мэдээлсэн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *