Өмнөговиос орж ирсэн гэх юань ЦЕГ-ын агуулахад байгаа юу, сонгуульд ашиглагдахаар хөдөлгөөнд орсон уу
2024.03.26-нд олон нийтийн цахим сүлжээнд “Өмнөговийн хилээр нүүрсний компанийн машинууд контейнероор их хэмжээний юань оруулж ирээд баригдав” гэх гарчиг бүхий бичлэг цацагдсаныг мартаагүй биз ээ.
Тухайн үед, УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнийнх, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийнх, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийнх гэсэн хардлагууд хөвөрсөн. Өөрөөр хэлбэр Өмнөговь аймгийн улстөрчдийн сонгуульд ашиглах гэсэн мөнгө байж болзошгүй хэмээгдсэн юм.
Улмаар Р.Сэддорж яаран сандран мэдэгдэл хийж, цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан. Харин А.Адъяасүрэн гишүүн таван сая төгрөгөөр мэдээлэл худалдаж авч, чандлан нууцлахаа зарласан сүржин гэгч пост бичсэн байдаг.
Хамгийн хачирхалтай нь, тухайн үед Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, “Мэдэхгүй”, Гаалийн ерөнхий газар “Контейнер нэвтрээгүй”, Авлигатай тэмцэх газар “Манайх шалгаагүй” хэмээж байлаа.
Хуулийн байгууллагууд нь мэлзсэнээр олон нийтийн дунд “Ийм их юань орж ирсэн гэдэг худал, бүр зориуд зохиомжилж авсан видео” гэдэг таамаг мэдээлэл хүртэл хөвөрсөн. Өөрөөр хэлбэл, “хаанахын ямар контейнерт байгаа нь тодорхой бус, скочоор дөнгөж дараад онгорхой төдий савласан, шороонд дарагдсан хайрцагнууд дундах ганц хар цүнх нь цоо шинээрээ” гэхчлэн ажиглалтууд хийгдсэн байв.
Гэтэл өдгөө тэр мөнгө цагдаагийн байгууллагаас гарч хөдөлгөөнд орж эхэлсэн буюу сонгуульд ашиглагдаж буй тухай мэдээлэл гарах болов. Энэ мөнгө хэрхэснийг асууж сураглах ч болов.
Бидэнд олдсон мэдээллээр, “Цагдаагийн байгууллагын агуулахад одоо хүртэл хадгалагдсан хэвээр байгаа, хөдлөөгүй” гэгдэв.
Ямартай ч зохиомжит биш бөгөөд холбогдох хуулийн байгууллагууд шалгаж байгаа гэдгийг баталж таарч байна. Гэхдээ хаанаас гарал үүсэлтэй, ямар мөнгө, эзэн нь хэн бэ гэдгийг асар сайтар нууцалж буй аж.
Харин албан бус эх сурвалжийн мэдээллээр, ”Энэ мөнгө цагдаагийн байгууллагаас гарч, сонгууль угтан хөдөлгөөнд орж эхэлсэн. Сонгуульд зориулагдах гэж байж болзошгүй” гэх.
Өмнөговийнхны мөнгө гэснээс тус тойргийн сонгууль тун сонирхолтой тохироонуудаар эхэлсэн.
“Ажнай” Д.Бат-Эрдэнэ нүүрсчдийн нэгээр нэрлэгдэж, АТГ-аас 2023 оны хоёрдугаар сарын 28-нд нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан. Гэвч дараа нь нэр байхгүй болон мултарч “…Хэрэг нь ЭЦА руу шилжсэн”. Ингэсээр 2023 оны арваннэгдүгээр сарын сүүлээр АТГ “Ажнай Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нарын хэргийг шалгаж дуусаад өөрсдөд нь танилцуулах процесс өрнөж байсан гэснээс хойш таг чиг байна.
Ямартай ч урьдчилсан прогнозоор говийн аймгуудад МАН-аас Б.Дэлгэрсайхан, АН-аас Ажнай Д.Бат-Эрдэнэ хамгийн хөл сайтай гэгдэж байв.
Хөл сайтай Д.Бат-Эрдэнэтэй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тохироо хийж, өөрийн хүмүүсээ асар сайн шигтгэн нэр дэвшүүлээд буй билээ.