Бог малын мялзан, шүлхий, үхрийн арьс товруутах өвчний вакциныг дотоодод үйлдвэрлэдэггүй
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2024.06.05) хуралдаан 09 цаг 30 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн (Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан) анхны хэлэлцүүлгийг хийв.
Байнгын хорооны дарга Ж.Батжаргал хуулийн төслийн талаар танилцуулж, олон улсын болон дотоодын худалдаанд хориг саад үүсгэдэг гоц халдварт өвчин гарсан тохиолдолд түүний тархалтыг хязгаарлах, эрүүл малд халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээг яаралтай авах шаардлага үүсдэг. Мал, амьтны гоц халдварт өвчин гарвал Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нээлттэй болон харьцуулсан тендер шалгаруулалт, гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж, гоц халдварт өвчний вакцин авахад хугацаа алддаг.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нээлттэй болон харьцуулсан тендер шалгаруулалт, гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж, гоц халдварт өвчний вакцин авахад хугацаа алддаг.
Үүний улмаас гоц халдварт өвчний тархалт нэмэгдэх эрсдэл үүсэх тул уг хуулийн төслийг боловсруулжээ.
Мөн мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд олон улсын чанарын шаардлага хангасан вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах зохицуулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд тусгах шаардлагатай байна.
Ингэснээр мал, амьтны гоц халдварт өвчин гарвал олон улсын чанарын шаардлага хангасан вакциныг хугацаа алдалгүй худалдан авна. Үйлдвэрлэгчээс худалдан авснаар үнэ нэмэгдэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ.
Улсын Их Хурлын гишүүд шууд худалдан авалтаар авах вакцины чанарыг хэрхэн хянах, Биокомбинат ТӨХХК- хэчнээн төрлийн вакцин үйлдвэрлэж байгаа, цаашид хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлэх, хуулийн төсөлд малын гоц халдварт өвчин дэгдвэл тухайн омогт нь таарсан вакциныг сонгох, чанарт нь анхаарсан тодорхой зохицуулалт бий эсэхийг лавлаад салбарын яам цаашид малын гоц халдварт өвчин дэгдэж буй бүс нутагт хаалт тавих эрх зүйн орчинд онцгой анхаарах санал хэлсэн.
Олон улсаас худалдан авч буй вакцинд тавьдаг шаардлага нь ДМАЭМБ-ын олон улсын референт лабораторийн баталгаажуулалт байдаг. Тухайн лабораториор баталгаажсан вакциныг хэрэглэхийг зөвшөөрдөг тул бид тухайн вакциныг үйлдвэрлэгчээс шууд авах зохицуулалтыг төсөлд тусгасан гэж Ажлын хэсгээс тайлбарлав. Мөн Биокомбинат ТӨХХК архаг, халдварт зооноз өвчний нийт 19 нэр төрлийн вакциныг үйлдвэрлэн, нийлүүлж байна. Харин шинээр гарч буй бог малын мялзан, шүлхий, үхрийн арьс товруутах зэрэг өвчний вакциныг үйлдвэрлэдэггүй гэв.
Байнгын хорооны дарга Ж.Батжаргал, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад эрүүл бүс нутаг, хамгаалагдсан аж ахуйн асуудлаа тусгаад зохицуулсан. Харин Хүний эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан мал эмнэлгийн чиглэлийн эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт орхигдох нөхцөл үүссэн. Имйд уг хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан.
Энэ хуулиар бид эмийн чанарыг онцгой анхаарахын зэрэгцээ малыг эрүүлжүүлэх асуудлыг технологийн хугацаанд нь хийх асуудлыг хөндсөн. Малыг эрүүлжүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх нь батлагдсан төсвийнхөө хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохицуулагдсан. Харин шинэ нөхцөл үүсэж, нөөцөлсөн вакцин дутсан, эсвэл гамшиг үүсвэл цаг алдалгүй асуудлыг шийдвэрлэх үүднээс энэ зохицуулалтыг оруулж, эрхийг нь нээж өгч байгаа юм” гэжээ.