Монгол Финландын ГХЯ хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улс, Бүгд Найрамдах Финланд Улс хоорондын Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо болов.
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Финландын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэн, хөгжүүлэх талаар санал солилцсон юм. Мөн Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, түүнд тусгагдсан нийтлэг зорилтууд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг, финландын талаас Америк, Азийн газрын Ерөнхий захирлын орлогч Юха Ниеми нар тэргүүлж ажиллав.