Цэцийн хууль өргөн барьсан УИХ-ын гишүүн Цэцийн гишүүн болох уу
Энэ удаагийн парламентын гишүүдээс МАН-ын хэд хэдэн гишүүн дахин нэр дэвших хүсэлтээ өгөөгүй, сонгуульд өнжсөн. Тэгвэл тэд УИХ-ын гишүүн болохгүй дараагийн томилгооны тохироогоо хийсэн учраас энэ удаад нэр дэвшилгүй өнжжээ.Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл Элчин сайдаар томилогдох тохироогоо хийсэн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Цэцийн гишүүн болохоор энэ удаагийн сонгуульд нэр дэвшээгүй аж.УИХ-ын гишүүн Б.Сарангэрэлийн тухайд Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй. Тэрээр гурван ч удаа УИХ-д сонгогдож, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан билээ.Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил мөн л гурван удаа УИХ-д сонгогдож, Гадаад харилцааны сайд, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд, сайдаар ажиллаж байсан. Тэгвэл Ц.Мөнх-Оргил гишүүн энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшилгүй өнжиж, Цэцийн гишүүн болох тохироо хийсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Гэхдээ хаврын чуулган завсарлахын өмнөхөн Цэц хугацаа дууссан гурван гишүүнийхээ оронд шинэ гишүүдийг томилж, бүрэн болсон.Одоогийн бүрэлдэхүүнээс Цэцийн дарга Г.Баясгалан л хамгийн өмнө буюу 2019 оны зургадугаар сард томилогдсон билээ. Цэцийн гишүүн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаатай томилогддог гэхээр ирэх жил Цэцийн шинэхэн даргын бүрэн эрхийн хугацаа дуусна. Энэ болтол Цэцэд гишүүний суудлын ор гарахгүй.Сануулахад, Ц.Мөнх-Оргил гишүүн УИХ-д Цэцийн тухай хуулийн төслийн шинэчлэн найруулгын төслийг өргөн барьж хэлэлцүүлж байсан. Хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн даруйд гишүүд байр суурь нэгдээгүй учраас эцэслэн баталж чадаагүй.Тэрээр өргөн барьсан хуулийн төслийнхөө талаар “Шинэчилсэн найруулга оруулж байгаагийн үндсэн том агуулгын өөрчлөлт нь энэ. Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарчихаад байхад Цэц дахиж хянаж Үндсэн хууль зөрччихлөө гэж хүмүүс яриад байгаа. Гэхдээ энэ Үндсэн хууль зөрчихгүй. Үндсэн хуулийн 50.2-т Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна. Түүнийг шүүх бусад этгээд заавал биелүүлнэ гэж байгаа. Гэтэл үүний дараагийн өгүүлбэрийг нь ерөөсөө уншихгүй, ярихгүй байна. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно гэсэн заалт бий. Энэ бол Дээд шүүх шийдвэрээ эргэж харах боломжтой гэдгийг нотлоод байгаа биз. Гэтэл Дээд шүүхэд хэн энэ асуудлыг тавих вэ гэдэг асуудал гарч ирнэ. Түүнийг Үндсэн хуульд бас заагаад өгчихсөн. Энэ бол сүүлийн 32 жил огт хэрэглэгдээгүй, амьсгал агаар оруулаагүй заалт. Тэр нь 50.1.3 буюу Хууль түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн Цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэнэ гэж байгаа. Хүний эрх хамгаалах асуудлаар Цэц, прокурор хоёр асуудал оруулж шийдвэрлүүлэх эрхтэй. Энэ заалт огт хэрэгжээгүй. Үүнийг л хэрэгжүүлэх гээд байгаа юм. Үүнд Үндсэн хуулийн зөрчил байхгүй.Яагаад Цэцэд хүний эрхийг хамгаалах асуудлаар Дээд шүүхийн эцсийн шийдвэрийг хүртэл эргэж харж болно гэдэг заалт Үндсэн хуульд оруулж өгсөн юм бэ гэдэг чухал асуудал байгаа биз. Яагаад гэвэл шүүх алдаатай шийдвэр гаргаж болно гэдгийг бид тал талдаа хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ нөгөө талаас шүүхийн шийдвэр эцэслэгдэж байх ёстой. Энэ бол бусад улс оронд ч байдаг заалт” хэмээн ярьж байсан юм.