ТӨРӨӨС АВСАН ТӨСӨЛ, ТЕНДЕРҮҮДЭЭР ЗИНДААРХАЖ, ГАЗРЫН НАЙМААЧДААР ДҮҮРСЭН II ТОЙРГИЙН МАН-ЫНХАН
УИХ-ын сонгуулиар сонгогчид парламентын 126 гишүүнийг сонгоно. Тэдний 78-ыг нь мажоритар буюу сонгогчдын саналаар, 48-ыг пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгож нийт 1336 хүн нэр дэвшиж буй. Энэ жил МАН-ынхан “АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ” уриатай сонгуульд нэр дэвшиж байгаа. Энэ удаад II тойрогт нэр дэвшиж буй МАН-ын 10 хүнийг танилцуулж байна.
УЛААНБААТАР ХОТЫГ БЕТОНОН ШИРЭНГЭ БОЛГОСОН “ГАВЬЯА”-ТАЙ Б.ЧОЙЖИЛСҮРЭН
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн- Увс аймгийн Улаангом сумын уугуул. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Тамгын газрынх нь дэд даргаар хоёр жил ажиллаад, улмаар 2008 оны УИХ-ын сонгуульд Увс аймгаасаа сонгогдож байв. Өөрөөр бол, Н.Энхбаярын энэ улсын “эзэн” шахуу байх үед “үүр”-нээс нь далавчаа дэлгэсэн “шувууд”-ын нэг. Ингээд өдгөө 16 дахь жилдээ Төрийн ордонд тухалж буй. Монголын толгой баячуудын нэг Б.Чойжилсүрэнгийн бизнесүүд барилга, нүүрс хоёр дээр төвлөрдөг. Өөрөөр бол, нүүрсний мөнгөө барилга болгож “угаадаг” гэхэд ч хилсдэхгүй. Барилгын тухайд, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Энхтайваны гүүр орчмыг “бетонон ширэнгэ” болгож дуусгасан нөхөр. Энхтайваны гүүрээр урагш давахад л түүний тансаг зэрэглэлийн “КН” апартмент угтана. Цаашаа залгаад “Хаан банк”-ны төв оффис буюу 25 давхар “КВ tower” шилэн барилга, хажууханд нь байх “Наадам центр” худалдаа, үйлчилгээний төв, чанх урд нь байх 780 айлын “Цэнгэлдэх” хотхон бүгд Б.Чойжилсүрэнгийнх. Ингээд болоогүй, Энхтайваны гүүрний баруун хойд үзүүрт “Наран тауэр” гэх 132 айлын хотхон бий, Энхтайваны гүүрний баруун урд үзүүрт “Энхтайван” гэх 160 айлын хотхон бий, аль аль нь түүнийх. Цаашилбал, “Төв цэнгэлдэх”-ийг тойрсон “Рапид харш” хороолол, “Академи” хотхон, “Хүннү 2222” хотхон, “Хүннү плас” хотхон, “Хүннү стандарт” хотхон гээд бүгд түүнийх. Товчхондоо, Энхтайваны гүүр орчим Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн “эзэнт улс” болчихсон. Зөвхөн Энхтайваны гүүр орчим ч биш, Нарны гүүрний урд байрлах “Нарны хороолол” ч Б.Чойжилсүрэнгийнх.
Ийнхүү Энхтайваны гүүр, Нарны гүүр орчим өөрийнх нь барилгаар дүүрч, нэмж барилга барих байтугай нэг амбаар барих ч газар үлдээгүй тул Б.Чойжилсүрэн одоо Сансарт, Сэлбэ голын эрэгт байрлах Сү.Батболдын “Чингис” зочид буудлын хашаан дотор “Сансар гарден” нэртэй 832 айлын орон сууцны хотхон барьж буй. Нүүрсний тухайд, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Саут гоби коал транс” ХХК-иараа Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост тосон бумбын нуруунд нүүрсний орд эзэмшдэг байлаа. Тост, Тосон бумын нурууг тусгай хамгаалалтад авснаар лиценз нь цуцлагдсан. Харин өдгөө түүний төрсөн дүү Б.Балдоржийн “Си Өү Эй Эл” ХХК нь Дорноговь аймгийн Хөвсгөл, Мандах сумын нутагт орших МV-016865 дугаартай, “Дорноговь-4” талбай буюу “Айл баян”-гийн нүүрсний уурхайг эзэмшдэг. Гэхдээ Б.Балдорж “Айл баян” нүүрсний уурхайг дангаараа эзэмшдэггүй буюу жинхэнэ эзэн нь Б.Чойжилсүрэн. Тухайлбал, “Айл баян”-гийн уурхайн нүүрсийг Б.Чойжилсүрэнгийн эхнэр Д.Энхгэрэлийн “Хурд транс” ХХК, “Хурд авто” ХХК-иуд Ханги-Мандал боомтоор БНХАУ руу тээвэрлэдэг. Мөн Д.Энхгэрэлийн “Хурд транс” ХХК нь Гашуунсухайт боомтоор 30 автомашинаар нүүрс тээвэрлэдэг. Товчхондоо, “Айл баян” нүүрсний уурхай Б.Балдоржийн нэр дээр боловч олборлолт, тээвэрлэлтийг нь түүний төрсөн ах Б.Чойжилсүрэн хариуцдаг гэсэн үг.
Цаашилбал, Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Баттогтохын “Олон ихт баян” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутгийн заагт XV-020816 дугаартай, 10898.8 га талбай бүхий “Худагт” ордыг эзэмшдэг. Харин “Ногферро метал майнин” ХХК нь Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын нутагт MV-017373 дугаартай, 1931.06 га талбай бүхий “Салхитын бор толгой”, MV-017524 дугаартай, 477.4 га талбай бүхий “Өгөөмөр толгой” ордыг тус тус эзэмшдэг ажээ.
ТӨРӨӨС АВСАН ТӨСӨЛ, ТЕНДЕР, КОНЦЕС, ЗЭЭЛЭЭРЭЭ “ЗИНДААРХДАГ” С.БЯМБАЦОГТ
УИХ-ын гишүүн С.Бямбацогт- Ховд аймгийн Жаргалант сумын уугуул. Ах сургуульд байхдаа төрсөн дүүтэйгээ тоосго цохиж байсныг нь эс тооцвол амьдралынхаа туршид “Нью прогресс групп”-ын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд хийсэн товчхон, бас дардан намтартай нэгэн. Тодруулбал, тэр 1998 оноос хойш 10 жил “Нью прогресс групп” ХХК-ийнхаа Ерөнхийлөгчөөр ажиллаад 2008 онд Ховд аймгаасаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Түүнээс хойш 2012, 2016, 2020 онуудад УИХ-ын гишүүнээр улирч, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Зам тэврийн хөгжлийн сайд гэх давхар дээлүүдийг нөмөрсөөр өдий хүрч буй. Ирэх сонгуульд ч мөн дахин нэр дэвшихээр цагаан сар, цас зудыг “далимдуулан” тойргоороо хэдэнтээ тойрч буй. Ялангуяа, ЗТХ-ийн сайдын эрх мэдлээрээ дулдуйлан, баруун бүсийн чиглэлд нислэгийн тоог нэмж, тийзний үнийг хоёр дахин хямдруулах, баруун бүсийн 40 сумыг хатуу хучилттай автозам тавих гэх мэт “пи-ар” хийж яваа. С.Бямбацогтын 2008 онд төрд орсноосоо хойш төрөөс авсан төсөл, тендер, концесс, зээл зэргийг тоолж “баршгүй” олон. Саяхны жишээнүүд гэвэл, “Вестерн холд” ХХК-аараа Хөгжлийн банкнаас 76 тэрбум төгрөгийн зээл аваад цементын үйлдвэртэй болчихсон. “Алтай трест” ХХК нь Ховдын Хөшөөтийн уурхай-Үенч сум хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын 13.8 тэрбум төгрөгийн тендер, “Ховдын өргөө” ХХК нь Ховдын Жаргалант, Буянт сумдын гэр хороололд цэвэр, бохирын шугам татах 9.3 тэрбум төгрөгийн тендер гэх мэтээр том төсөвтэй бүхий л тендерүүдийг түүж ирсэн. Төрөөс төсөл, тендер түүх нь ямар ашигтай, Арцатын аманд барьсан тансаг зэрэглэлийн “Хан төгөл” хотхон нь харуулах биз.
Түүнчлэн С.Бямбацогтын улс төрд цэцэглүүлсэн ургийн мод, төрд хийсэн “шахаа”-ны томилгоог нь ч тоолоход хэцүү. Жишээ нь, саяхан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн газар, хэлтсийн дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, дотоожтойгоо сэлгүүцэж буй бичлэг нь сошиалд цацагдаж, дуулиан дэгдээсэн. Гэтэл өнөөх дотооджтой согтуу сэлгүүцэгчид нь бүгд Ховдын угшилтай, С.Бямбацогтын “тавиул”-ууд байж таарсан. Сонгууль хаяанд ирчихсэн учраас ч тэр үү, С.Бямбацогт “Тавантолгой төмөр зам” ХХК-аар өнөөх дотоожтой согтуурагчдыг ажлаас нь гэх мэдэгдэл гаргуулж, дуулианыг нам дарсан байдаг.
Илүү ноцтой нэг асуудал бий. УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт сүүлийн үед Сингапурын хөрөнгө оруулалттай “МоЭнКо” ХХК-ийн Ховд аймагт байрлах “Хөшөөт”-ийн нүүрсний уурхайг тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой гэж Төрийн ордны индрээс ярих болсон. Гэхдээ “Хөшөөт”-ийн нүүрсний уурхайг харийнхнаас салгаж авах ёстой гэх агуулгынх нь цаана өөрийн болгох гэсэн санаархал явж байж болзошгүй хардлага бий. Тодруулбал, С.Бямбацогтын “Нью прогресс групп” ХХК-ийн охин компаниуд болох “Алтайн зам” ХХК, “Алтай строй” ХХК-иуд нь Ховд аймгийн Дарви сумын нутагт байрлах “Хөшөөт”-ийн нүүрсний уурхайн бүх хөрс хуулалт, олборлолт, тээвэрлэлтийг хариуцдаг. Өөрөөр хэлбэл, “Хөшөөт”-ийн нүүрсний уурхайн тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулат нь Сингапурт бүртгэлтэй “Singapore Mongolia Energy Corpotation” компанийн охин компани “МоЭнКо” ХХК-ийн эзэмшилд байдаг боловч бодит байдал дээрээ С.Бямбацогт болон түүний дүү С.Балжинням, С.Баянмөнх нар “Хөшөөт”-ийн уурхайд эзэн суучихсан гэж болно. Тухайлбал, С.Бямбацогтын төрсөн дүү С.Балжиннямын “Алтайн зам” ХХК нь “Хөшөөт”-ийн нүүрсний уурхайн хөрс хуулалт, олборлолтыг хариуцдаг. Ямар сайндаа л, Ховд аймгийнхан “Хөшөөт”-ийн нүүрсний уурхайг “МоЭнКо” ХХК-ийнх гэдэггүй, “Алтайн зам” ХХК-ийн уурхай гэж ярьцгаадаг юм билээ. Харин С.Бямбацогтын төрсөн дүү С.Баянмөнхийн “Алтай строй” ХХК нь “Хөшөөт”-ийн нүүрсний уурхайн нүүрсийг Ховд аймгийн Булган-БНХАУ-ын Такашикен боомтоор дамжуулан урд хөрш рүү гаргах тээвэрлэлтийг хариуцдаг. Мөн С.Баянмөнхийн “Алтай строй” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мянганбуу нь “Цаст Алтайн жинчид” ХХК-ийн хувь эзэмшигч. Гэтэл “Цаст алтайн жинчид” ХХК нь мөн л “Хөшөөт”-ийн нүүрсний уурхайн нүүрсийг Булган-Такашикен боомтоор урд хөрш рүү гаргаж тээвэрлэдэг туслан гүйцэтгэгч юм билээ.
Энэ мэтээр, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, түүний төрсөн дүү нар болох С.Балжинням, С.Баянмөнх нар Баруун бүсийн хамгийн том нүүрсний уурхай гэгддэг Ховд аймгийнхаа “Хөшөөт”-ийн нүүрсний уурхайг олборлогч, тээвэрлэгчийн дүрээр “эзэгнэчихсэн”. Түүндээ ханахгүй, “МоЭнКо” ХХК-аас “Хөшөөт”-ийн уурхайг нэг мөр салгаж авч, өөрсдийн болгох явуулга хийж байж буй дүр зураг С.Бямбацогтын үг, үйлдлээс анзаарагдах болсон.
“ХОТГОР ШАНАГА” ГЭХ ХУСАВЧ АРИЛАХГҮЙ, ХҮСЭВЧ МАРТАГДАХГҮЙ ХАР ТҮҮХТЭЙ Ч.ХҮРЭЛБААТАР
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар- Увс аймгийн Улаангом сумын уугуул. Тэртээ 2000-2003 онд Ерөнхий сайд Н.Энхбаярын Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж төрд анх орж ирсэн. Улмаар Н.Энхбаярын зөвлөхөөс шууд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болж дэвшиж байв. Ингээд Төрийн нарийн бичгийн даргаасаа Түлш, эрчим хүчний сайд болж, улмаар 2008 онд УИХ-ын гишүүн болсон. Тэр цагаас хойш Төрийн ордноос гараагүй, түшээгийн сэнтийгээс буугаагүй. Ирэх сонгуулиар тав дахь удаагаа түшээ болохоор тойргоо тойглож яваа. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өдий хүртэл сүүдэр мэт дагаж яваа эмзэг сэдэв нь Хотгор шанагын уурхай. Төрж өссөн нутаг, төрд орсон тойрог буюу Увс аймагтаа байрлах асар баян нөөцтэй Хотгор шанагын уурхайг Солонгосчуудад худалдсан гэх хэрэг нь улс төрийн карьерыг нь нэг мөр сүйдлэх шахсан. Ч.Хүрэлбаатарыг харьд элэгтэйг харуулсан анхны бас бодит жишээ гэж хэлж ч болно. Гэвч Ч.Хүрэлбаатар Хотгор шанагын уурхайтай “түй” ч холбоогүй гэж мэлзсээр өдийг хүрч буй.
Тэгвэл Хотгор шанагын уурхайг эзэмшигч “Хотгор шанага” ХХК-ийг Бэгзсүрэнгийн Алтангэрэл, Нуурхүүгийн Болормаа болон БНСУ-ын “Korea-Mongolia Energy Development” компанитай хамтран эзэмшиж буй. БНСУ-ын “Korea-Mongolia Energy Development” компанийн эзэмшиг буй хувийг өмнө нь Ч.Хүрэлбаатарын ах нар эзэмшдэг гэсэн эх. Гэтэл Хотгор шанагын уурхайтай “түй” ч холбоогүй гэж гүрийдэг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Гантулга, Ч.Гансүх нар нь “Хотгор шанага” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Бэгзсүрэнгийн Алтангэрэлтэй одоо ч “Шанага транс” ХХК-ийг хамтран эзэмшиж буй буюу нэгдмэл ашиг сонирхолтой хэвээрээ.
Илүү ноцтой нь, “Хотгор шанага” ХХК-ийг хамтран эзэмшигч Нүүрхүүгийн Болормаа нь“Си Ай Жи” ХХК-ийг эзэмшдэг. Гэтэл “Си Ай Жи” ХХК нь Өмнөговьд 2021 оны зургадугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 2021/483 тоот “Нүүрс худалдан авах, худалдах гэрээ” байгуулжээ. Энэ гэрээний дагуу “Си Ай Жи” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-иас исэлдсэн нүүрс худалдан авч, урагш нь гаргаж байгаа аж. Тус компани “Эрдэнэс тавантолгой” ХК-иас худалдаж авсан нүүрсээ Чойр хүртэл 470 км авто замаар тээвэрлэж, Чойр өртөөнөөс вагонд ачиж, БНХАУ руу гаргадаг. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрснийг хятад руу тээвэрлэж өгдөг биш, харин худалдаж аваад өөрсдөө хятад руу гаргадаг буюу илүү том гарын наймаа хийдэг гэж ойлгож болно. Тэгэхээр хэзээнээс “бусдын гараар могой бариулах”-д гаршчихсан Ч.Хүрэлбаатар ард нь байж болзошгүй гэсэн үг. Эргэн сануулахад, өнгөрсөн онд Ч.Хүрэлбаатар баахан хятадуудтай зочид буудалд “шоудаж” байгаад хэвлэлийнхэнд баригдсан. Тухайн үед тэр хятадуудтай хөрөнгө оруулалтын асуудал ярьж байсан гэж мэлзсэн ч чухам ямар төслийн хөрөнгө оруулалт ярьж байснаа огт тайлбарлахгүйгээр мартагнуулсан. Магад, “нүүрсний” асуудал байсан ч байж болох сэжүүр гарч ирж байгаа юм.
ӨӨРИЙГӨӨ СОЙЖ БУЙ МАН-ЫН УЯАЧ Д.АМАРБАЯСГАЛАН
ЗГХЭГ-н дарга Д.Амарбаясгалан- Говь-Алтай аймгийн уугуул. Нарийвчилбал, аав Д.Дашзэгвэ нь Говь-Алтай аймгийн Шарга, Халиун, Тайшир сумдыг шилжин амьдарч байсан. Д.Амарбаясгалан 2000 оноос хойш ах, эгч нарынхаа үүсгэн байгуулсан “Соёмбо принтинг” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2008 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, 2000 он хүртэл Хангарьд ордонд тухалсан. Ингэхдээ 2016 онд МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдож, 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг удирдаж оролцсоноор Ардын намын ах нарынхаа анхааралд өртсөн. Улмаар 2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож, тэр цагаас энэ суудлаа хэнтэй ч хуваалцаагүй өдий хүрч буй. 2022 оны намар Л.Оюун-Эрдэнэ засагтаа засвар хийхдээ Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын даргаар оруулж ирсэн. Өдгөө II тойрогт нэр дэвшихээр намынхнаа толгойлон тойргоо тойрч буй. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэр холбогдож асан ЖДҮ, тендер, “нүүрсний хулгай”-н дуулианууд нь нэгэнт нийтэд уль доль болчихсон учраас нэмж нурших илүүц биз.
УЛС ТӨРД УРАГ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭГ “ЦЭЦЭГЛҮҮЛЖ” БУЙ Б.БАЯРСАЙХАН
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан- Ж.Оджаргалын “М Си Эс групп“-д Маркетингийн менежер, Д.Баясгалангийн “Ийгл” телевизэд Маркетингийн албаны даргаар ажиллаж байгаад 2016 онд БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож төрд орж ирсэн. 2017 онд Төрийн нарийн бичгийн албан тушаалаас нь чөлөөлсөн ч 2018 онд дахин томилогдсон. Улмаар 2020 оны хавар У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад УИХ-ын сонгуульд Завханаас сонгогдож, Төрийн ордны босго алхсан тун нимгэн намтартай. Нөхөр П.Баярмагнай нь 2021 онд АНУ-ын Санфранциско хотод суух консулаар ажилладаг. Харин төрсөн дүү нь “Бодлын хулгайч”, “Боолын гэрээ”, “Үргээлэг” киногоор танигдсан жүжигчин Б.Амарсайхан гэдгийг нийтээрээ мэдэх биз.
Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан улс төрд дэх ураг төрлийнхний хэлхээг үргэлжлүүлж яваа. Тодруулбал, Б.Баярсайханы хүү Б.Мөнхсайхан нь 2022 онд таван засгийн газар дамнан Уул уурхайн сайдаар ажиллаж асан Б.Жигжидийн зээ охин Б.Орхонтой гэрлэсэн. Хуриманд нь УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, П.Анужин, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Н.Энхболд, Г.Амартүвшин, Б.Бейсен нар уригдаж очиж, бэлэг гардуулж байв. Харин Б.Баярсайханы бэр Б.Орхоных нь төрсөн дүү Б.Тэмүүлэнгийн нөхөр нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын төрсөн дүүгийн хүү А.Нямринчин гэх залуу бий. А.Нямринчин нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын охин компаниудын нэг болох Богдхан уулын Бага тэнгэрийн амны газрыг бүхэлд нь эзэмшдэг “Нью тур сафарис” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөн Ц.Анандбазарын “Өргөө” кино театрын Маркетингийн албаны даргаар, Ц.Анандбазарын төрсөн дүү Ц.Пүрэвренчингийн “Өргөө койн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус давхар ажилладаг.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАХИАЛГАТ, ЗОРИЛТОТ Э.БОЛОРМАА
Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа- Ховд аймгийн Мөст сумын уугуул. Аав А.Энхбат нь 1987 оноос хойш төрд алба хашиж, Сэлэнгийн Бугантын мод үржүүлгийн газрын дарга, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч гэх мэтээр удирдах албан тушаал эрхэлж ирсэн. Харин Э.Болормаа 2015 онд АН-ын Колумбын их сургуульд сурч байхдаа тухайн үед АНУ-ын Харвардын их сургуульд сурч байсан Л.Оюун-Эрдэнэтэй танилцаж, тэр цагаас нөхөрлөж эхэлсэн. Улмаар Л.Оюун-Эрдэнэ 2021 онд Ерөнхий сайд болмогцоо Э.Болормааг Бээжинд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд ажиллаж байхад нь дуудаж авчраад, Ажлын албаны даргаараа томилж байв. Улмаар Л.Оюун-Эрдэнэ 2022 оны намар найз, Ажлын албаны дарга Э.Болормаагаа Ховд аймгийн Засаг даргаар залсан түүхтэй.
Харин одоо Э.Болормаа УИХ-ын сонгуульд II тойрогт горилж буй. Өөрөөр бол, анхнаасаа Л.Оюун-Эрдэнэ Э.Болормааг Ховдын Засаг дарга болгосон нь тэндээс нэр дэвшүүлэх зорилготой томилгоо байсан гэсэн үг л дээ. Сонирхуулахад, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа 2.3 тэрбумын гурван орон сууцтай, гадаад дахь дансандаа 330 саяын хадгаламжтай гэж ХОМ-тээ мэдүүлдэг. II тойрогт хамт горилж буй АН, МАН-ын ах, эгч нараасаа хөрөнгөөр хол хоцрохгүй гэсэн үг л дээ.
ТОЙРГИЙНХОО “УСАЛГАА”-Г ЭРТДҮҮЛСЭН З.МЭНДСАЙХАН
ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан- Ховд аймгийн Мянгад сумын уугуул. 2001 оноос хойш “Монхангай хаус” ХХК, “Дөрвөн уул” ХХК, “Мээг” ХХК, “МТМ” ХХК тэргүүтэй кСангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн өмчийн бодлогын зохицуулалтын газрын дарга, 2020 оноос ХХААХҮ-ийн сайдаар ажилласан. 2022 оны намар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засагтаа засвар оруулахдаа З.Мэндсайханыг сайдаас нь чөлөөлж, Х.Болорчулууныг томилж байв. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ З.Мэндсайханыг хоосон хөсөр хаяагүй, өөрийнхөө зөвлөхөөр томилж байлаа. Харин энэ оны нэгдүгээр сард З.Мэндсайхан Ерөнхийлөгчийн хөдөө аж ахуйн зөвлөх болж шилжин томилогдсон.
Уг нь З.Мэндсайхан бүр эртнээс буюу өнгөрсөн оны өвлөөс Ховдын малчдыг хэрэндээ тойглож, “Өвлийг МЭНД САЙХАН давцгаая” гэх өөрийн нэртэй аяныг өрнүүлэх зэргээр сурталчилгаагаа идэвхжүүлж байсан. Даанч Ховд дангаараа нэг тойрог биш, Говь-Алтай, Завхан, Увс, Завхантай нэгдэж нэг тойрог болсон нь түүнд “цохилт” болсон. Тиймдээ ч сүүлийн үед сурталчилгаа нь суларчихаад, II тойргийг тойрч харагдахгүй, ажин түжин байгаа. Дөрвөн аймаг нийлсэн томосгосон тойргоос зүрхшээв үү, эсвэл жагсаалтад багтахаар тохирч тайвшрав уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Ч.ХҮРЭЛБААТАРЫН “ХАЛААС”-НААС ДЭВШИГЧ Б.ЗАЯАБАЛ
ТЕГ-ын дарга асан Б.Заяабал- Увс аймгийн Хяргас сумын уугуул. Б.Заяабал анх Ч.Хүрэлбаатарын сонгуулийн менежерээр ажиллаж, төрд орох замаа зассан. Түүнээс хойш хувь, хувьсгалын намтар нь Ч.Хүрэлбаатартай холбоотой явж ирсэн. Насаараа нэг хүнийг дагаж, тэр хүндээ үнэнч байвал албан тушаалын аагтай, амттай болгон дээр томилогдож болдгийг “цүнх баригчид”-д биеэрээ үлгэрлэсэн хүн бол Б.Заяабал. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар 2007 онд Түлш эрчим хүчний сайд байхдаа Б.Заяабалыг хэлтсийн даргаараа ажиллуулж байлаа. Ч.Хүрэлбаатарыг сайдаас буухад Б.Заяабал ч дагаад хэлтсийн даргын ажлаа өгч байв. Дараа нь, Ч.Хүрэлбаатар 2009-2012 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллахдаа Б.Заяабалыг Төрийн өмчийн хорооны Төр, хувийн хэвшлийн концессын газрын даргаар хууль бусаар томилуулж, удалгүй Төрийн өмчийн хорооны даргын сэнтийд залсан. Ноцтой баримт танилцуулахад, 2012 оны тавдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар нар “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн 225 км төмөр замыг барих, ашиглах, шилжүүлэх концессыг “Энержи ресурс” ХХК болон “Энержи ресурс рэйл” ХХК-д олгож, шууд гэрээ байгуулахыг Төрийн өмчийн хорооны дарга Б.Заяабалд даалгаж байв. Ингээд Б.Заяабал “Ухаахудаг-Гашуунсутайт”-ын концессыг “Энержи ресурс”-д өгчихөөд хоёрхон сарын дараа ажлаа өгсөн байдаг. Сү.Батболд, Ч.Хүрэлбаатарын хэн хэн нь “Энержи ресурс”-тэй ашиг сонирхол нэгтэйг дурдах нь илүүц биз. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатар Б.Заяабалыг Төрийн өмчийн хорооны даргын сэнтийд хүчээр суулгасны цаад шалтгаан нь өгөх байсан гэж харагддаг. Ингэж “том ажил” бүтээсэн Б.Заяабал Ч.Хүрэлбаатарын дэргэд зөвлөх гэх сэтэртэйгээр 2015 он хүртэл сууж байгаад 2016 онд Татварын ерөнхий газрын дэд дарга болж, улмаар 2019 онд Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа Татварын ерөнхий газрын дарга болгож дэвшүүлсэн түүхтэй. Таван жил Татварын ерөнхий газрыг удирдсан Б.Заяабал өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгч, цагаан сар, цас зудыг “далимдуулан” II тойргийг хэдэнтээ тойроод буй.