С.Баярцогтын худ Ө.Пүрэвбаатарын хүү П.Мөнхтулга гэж хэн бэ
/2024.06.12/ орой АН-аас УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт нэр дэвшиж буй П.Мөнхтулгыг баривчилсан гэх багахан үймээн дэгдсэн билээ. “Нөүтбүүк тараасан” гэх МАН-ын гомдлоор цагдаагийн байгууллага өмгөөлөгчийг нь дууджээ. Улмаар П.Мөнхтулга хамт ороход, түүний аав Ө.Пүрэвбаатар “Манай хүүг цагдаа бариад явчихлаа” хэмээн орилж, С.Ганбаатар тэргүүтэй АН-ын 300 орчим иргэдийг цуглуулсан. Улмаар цагдаагийн газар асуудлыг намжаан тараах арга хэмжээг авсан аж.
П.Мөнхтулга гэж хэн бэ.
Түүний хувьд, 1986 оноос Архангай аймаг, Өгийнуур сумын, 1993 оноос 83-р дунд сургуулийг төгссөн. АНУ-ын Доктор Филлипсийн нэрэмжит дунд сургуулийг, МУИС-ийн Олон улсын эдийн засгийн харилцааг бакалавраар, МУИС-ийг Эрхзүйч бакалавраар, “Raffles Institution of Singapore” сургуулийг Санхүүгийн удирдлага, бакалавраар, Удирдлагын академид Төрийн удирдлагын мастер, магистраар, “Loyola Marymount University, EMBA” магистраар тус тус дүүргэжээ.
АН-ын ҮБХ-ны гишүүн. Марс V төслийн санаачлагчаар Монголын Байт харвааны холбооны Дэд Ерөнхийлөгчөөр, Монголын Нум Сум Харваачдын Холбооны Ерөнхийлөгчөөр, АЗХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүн, Бодлогын зөвлөлийн даргаар ажилласан.
“Эе эв” ХХК-ийн Гүйцэтгэх захирал буюу хувийн бизнестэй нэгэн. Энэхүү компаниараа төрөөс тендер ч хамдаг, энд тэнд бүтээн байгуулалт сайн үйлсийн аян ч хийдэг.
2018 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Олимпийн цагираг”-ийг бүтээлгэж, “дэлхийд хамгийн том нь” хэмээн тодотгосон. Мөн төрөлх Архангай аймгийн Цэцэрлэг хотдоо “Эрх чөлөөний цэцэрлэг”-т хүрээлэн байгуулж өгчээ. 2006-2016 оны хооронд хорих ангийн хүмүүжигчдэд зориулсан номын сан болон компьютерын лабротори байгуулах, ажлын байранд зуучлах “Гэрэлт амьдрал өөд” төслийг хэрэгжүүлсэн аж.
2020 онд Архангайд нэр дэвшээд өвдөг шороодож байсан шархаа нөхөж энэ удаагийн сонгуульд ч нэр дэвшиж буй нь энэ.
-Тендерчин аав, ээж-
Түүний аав, Ө.Пүрэвбаатар 2014 онд Ч.Сайханбилэгийн “Шийдлийн” Засгийн газарт Эрчим хүний дэд сайдын албыг хашиж байсан. Мөн Монгол Улсын алдарт уяач тодотголтой нэгэн. Архангайн уугуул ч, Улаанбаатарт Сонгинохайрхан дүүргээр овоглож ирсэн нэгэн. Бүр “Өнөр” хорооллын нэрийг анх өгч байжээ. Тус дүүрэг дэхь АН-ыг Н.Алтанхуягтай хамт байгуулж, хоёр жил гаруй тэргүүлж эсэргүүцэлтэй тулж бууж байв. Инженер хүний хувьд утаагүй түлш гэгчийг хийж байсан удаатай. 2014 оны үес коксон утаагүй түлшээр хангах таван компанийн нэг нь Ө.Пүрэвбаатарын “Хөх чоно групп” ХХК болж байж. 2016 онд УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөөд унаж байлаа.
Тэрбээр, “Хөх чоно групп”-ийн эзэн. Түүний эзэмшдэг “Конфорт импэкс” ХХК нь төрийн 131 тендерт оролцож, 2021-2024 онд 78 тэрбум төгрөгийн тендерт хамжээ. Харин П.Мөнхтулгын ээж С.Төмөрчөдөрийн эзэмшдэг “Өгөөмөрбаян булаг” ХХК нь төсвийн 20 тендерт шалгарч төрөөс мөнгө халаасласан түүхтэй хэмээн хэвлэлд бичигдэж байна.
-С.Баярцогтын худ буюу “Гранд” фракцынх-
Нэгт, Ө.Пүрэвбаатар нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн эхнэртэй хамаатан садангийн холбоотой хэмээгдэж байгаа ч, холбоо хамаалгүй гэдгийг эх сурвалж баталж байна. Гэхдээ Ө.Пүрэвбаатарыг дэд сайд болгосон хүн нь яалт ч үгүй Н.Алтанхуяг. Тэд нэг фракцынх гэгдэж явсан бөгөөд одоо холдсон буюу холбоо хамааралгүй байгаа аж.
Хоёрт, Ө.Пүрэвбаатар, АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогттой худууд. Тодруулбал, Ө.Пүрэвбаатарын охин П.Оюунтөгс, С.Баярцогтын хүү Б.Гомбо-Эрдэнэ нар 2016 онд нижгэр хурим хийж тухайн үед шар хэвлэлийн хуудсуудыг дүүргэж байв. Энэ утгаараа Ө.Пүрэвбаатар, П.Мөнхтулга нар С.Баярцогттой ойр буюу “Гранд” фракцын төлөөлөл гэвэл илүү үнэнд ойртох юм. Тэд төлөөний хүнээ УИХ-д оруулахаар ийн зүтгэж буй.