Д.Амарбаясгалан: Нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоох албан бичгийг СЕХ-нд хүргүүлж байна
УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт нэр дэвшиж буй Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан О нь Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б-гийн амь насыг хохироосон хэрэгт холбогдоод буй. Тиймээс МАН уг асуудалд ёсзүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигч Г.Сайханбаярын нэрийг татаж буйгаа мэдэгдсэн юм. Гэвч СЕХ-ноос нэр дэвшигчдийг нэгэнт батламжилсан тул нэр дэвшилтээс хасах боломжгүй гэсэн бөгөөд нэр дэвшигч Г.Сайханбаяр ч “Сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлнэ. Өрсөлдөнө” гэсэн юм.
Тэгвэл МАН-ын генсек Д.Амарбаясгалан өнөөдөр нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоох албан бичгийг СЕХ-нд хүргүүллээ. Тэрбээр “МАН-ын сонгуулийн төв штабаас 2 өдрийн өмнө улстөрийн шийдвэр гаргасан. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Сант суманд болсон золгүй явдалтай холбоотой мэдэгдэл хийж байсан. МАН-аас нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярыг сонгуулийн штабтай гэрээ байгуулан ажиллаж байсан О нь гэгч нь гэмт хэрэгт холбогдсон тул нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоох шийдвэр гаргасан. Уг шийдвэрээ СЕХ-нд хүргүүлж байна” гэлээ.