М.Энхболдын хотоо гэсэн их үйлсийг Д.Ганболд, П.Баярхүү нар үргэлжлүүлнэ

0

Миеэгомбын Энхболд гэж сайхан хүн Монгол төрд өндөр алба хашиж байлаа. Хэдэн жилийн өмнө нам, намын нийлсэн хөнгөн хуумгай залуусын эргэлтээр УИХ-ын даргаас огцорсон ч Монголын ард түмэн түүнийг санан, үгүйлсээр байна. Арга ч үгүй биз.

Түүний эрч хүч, эрдэм мэдлэг, шударга шулуун зан, эх орон, их хот Улаанбаатарынхаа төлөө борви бохисхийлгүй зүтгэсэн хөдөлмөрийг нийслэлчүүд мартахын аргагүй юм.

М.Энхболдыг газрын наймаачин гэж өрсөлдөгчид нь гүтгэдэг. Үнэндээ Улаанбаатарт ямар ч газрын наймаа явагдаагүй, харин М.Энхболд ба түүний залгамжлагчид болох Т.Бадамжунай, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Су.Батболд нарын үед хот маань цэцэглэн хөгжиж, барууны оронд л байдаг байхдаа гэмээр өндөр өндөр шилэн барилгатай болсон билээ. Үүнд “Мон Уран”-ы Б.Наранхүү, “Эко Констракшн”-ы С.Нямдаваа, “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнэ гэх мэт шударга, ухаалаг бизнесмэнүүдийн үүрэг, оролцоо их бий. М.Энхболд нь их хотоо цэцэглүүлэн хөгжүүлээд зогсохгүй мэдлэг, боловсролоороо ч Монголдоо гайхагдсан нэгэн.

Энэхүү боловсролынхоо хүчээр Монгол, Хятадын харилцааг өндөр түвшинд гаргаж, хэрхэн Гуньси мужийн тариачид шиг чинээлэг хангалуун амьдрах тухай туршлага судалж байсныг бид мэднэ. Хэрэв М.Энхболд УИХ-ын даргаасаа огцроогүй байсан бол Монголчууд Гуньси мужийнхан шиг элбэг хангалуун амьдрах байсныг ч үгүйсгэхгүй.

Харамсалтай нь МАН түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлсэнгүй. Гэвч Монголын заяа их юм. Түүний их хотоо гэсэн гэгээн үйлсийг үргэлжлүүлж чадах хоёр эрхэм УИХ-ын сонгуулийн 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт Н.Номтойбаярын удирдсан эвслээс нэр дэвшжээ.

Д.Ганболд, П.Баярхүү нар бол яахын аргагүй “60 тэрбумынхан, газрын наймаачдын бүлэглэл, хотын мафи” гэх мэтээр хочлуулан гүтгэгддэг ч үнэн чанартаа бол эх орон, их хот Улаанбаатараа гэсэн чин сэтгэлтэй М.Энхболдыг тойрон хүрээлсэн, халуун сэтгэлт баг хамт олны гишүүд юм.

Д.Ганболд Чингэлтэй дүүргийн засаг дарга, УИХ-ын гишүүнээр, П.Баярхүү Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллахдаа ширхэг ч төгрөгний авилга авч, ганц ч тендер хувьдаа аваагүй, ёстой л өргөн түмнийхээ буянаас өнчин ишиг ч дутаагаагүй ариун сэтгэлтэй улс төрчид. Ийм л хоёр эрхмийг Сүхбаатар, Чингэлтэйчүүд маань дэмжиж, саналаа өгвөл, тэд маань УИХ-д сонгогдож, их хотоо гэсэн М.Энхболдын гэгээн үйлсийг үргэлжлүүлж чадна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *