“Үндэсний эвсэл”-ээс Баянзүрх дүүрэгт нэр дэвшигчид юу хэлэв?
Баянзүрх дүүрэгт “Үндэсний эвсэл”-ээс Б.Жадамба, Б.Эрдэнэбаяр, П.Энхцэцэг, Ц.Мөнхцацрал нар нэр дэвшиж байна.
“Үндэсний эвсэл”-ээс 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Б.Жадамба, Б.Эрдэнэбаяр, П.Энхцэцэг, Ц.Мөнхцацрал нар иргэд сонгогчидтой уулзав. Уулзалтын үеэр нэр дэвшигчдийн хэлсэн үгийг хүргэе.
“Үндэсний Эвсэл”-ээс 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Баярболдын Жадамба:
-Би газар зохион байгуулалтын чиглэлээр төрийн байгууллагад 13 жил, хувийн байгууллагад найман жил ажилласан туршлагатай, инженер хүн. Газар зохион байгуулалтын чиглэлээр цахим газар өмчлөлийг анх санаачилж, хоёр жилийн дотор амжилттай зохион байгуулсан. Тодруулбал, 2013 оны тавдугаар сарын 1-нд Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотын хэмжээнд 52 байршилд 15,306га газрыг түргэн хугацаанд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Газар өмчлөлийн тухай хуулийн хугацаа дуусах гэж байсан учир богино хугацаанд, хүртээмжтэй зохион байгуулах шаардлага тулгарсан юм. Энэ ажлыг ямар ч оочир дараалал үүсгэхгүй, ар өврийн хаалга орох боломжгүйгээр зохион байгуулж, 70 мянга орчим иргэнийг хамруулж байлаа. Улмаар дараагийн хүмүүс нь гарч ирснээр дэд бүтэц нь шийдэгдэхгүй, эдийн засгийн эргэлтгүй, хүмүүс очиж амьдрах боломжгүй газар болсон. Уг нь иргэн тухайн өмчилсөн газраа байрны урьдчилгаанд тавьдаг болох боломжийг бүрдүүлэхээр журам боловсруулж, Монгол банктай 4-5 удаагийн уулзалт хийж байв. Гэвч ажлаа хүлээлгэн өгч, үргэлжлүүлж чадахгүй болсон байдаг. УИХ-ын гишүүнээр сонгогдвол би энэ ажлаа үргэлжлүүлж, эрх нь зөрчигдөөд байгаа 70 мянган иргэнийнхээ дуу хоолой нь болж, үнэгүй болсон газрыг нь барьцаанд тавих, ипотекийн зээлийн урьдчилгаа болгох бүх боломжийг бүрдүүлэх болно.
“Үндэсний эвсэл”-ийн мөрийн хөтөлбөрт “Иргэн баян бол улс баян” гэдэг зарчмыг баримталж байгаа. Иргэнийг хэрхэн баян болгох вэ гэдэгт олон ажил төлөвлөсөн. Миний хувьд энэ хүрээнд иргэдийг хуримтлалтай болгох, татвар бол дээрэм биш дэмжлэг юм гэсэн зорилт дээр ажиллана.
Үсрэнгүй хөгжиж байгаа орнуудыг судлахад, иргэдийнхээ өмчлөх эрхийг нь хуулиар хамгаалсан байдаг. Энд дулаан хувцас, орон байраар хангагдах хэрэгцээ орно. Нөгөө талд оюун санааны хэрэгцээ буюу сонгох, сонгогдох, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх хэрэгцээг хуулиар хамгаалдаг. Ийм улс орон үсрэнгүй хөгжиж байна. Жишээ нь, Франц 3700 ам.доллароос доош орлоготой иргэнээс татвар авдаггүй. БНСУ 1300 ам.доллароос доош орлоготой бол татвар авдаггүй. Ингэснээр тухайн иргэн хуримтлалтай, орлоготой болж, нийгмийн асуудал шийдэгдэж, аз жаргалтай амьдрах боломж бүрдэнэ. Би энэ талууд дээр ажиллах болно. Хоёрдугаарт, “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэстнээрээ баяжъя” гэдэг зорилтыг онцолъё. XXI зуунд амьдарч байгаа бид ус дулаан, эрчим хүчээ хязгаарлуулж, хоёр хөршөөсөө эрчим хүчний хараат байна. Үүнээс гарахын тулд сэргээгдэх эрчим хүчний талаар мэргэжлийн инженер, эрдэмтэн судлаачдынхаа судалгаа, нотолгоонд суурилсан оновчтой бодлого боловсруулж түүндээ хяналт тавьж ажиллах зайлшгүй шаардлага бий.
“Үндэсний Эвсэл”-ээс 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Батдэлгэрийн Эрдэнэбаяр:
-Монгол төр өнөөдөр ямар түвшинд байна вэ гэдгийг бодох цаг нь болсон байна. Төрд сонгогдон гарсан, төрийн түшээд юу хийж байна вэ гэдгийг бодох цаг нь болсон. Төрийн гол үүрэг нь ард түмнээ аз жаргалтай, амар тайван, сайн сайхан амьдруулах ёстой. Өнөөдөр Монголын ард түмэн аз жаргалтай сайхан амьдарч чадаж байна уу гэвэл, үгүй. Тиймээс “Үндэсний эвсэл” намчирхлыг зогсоож, нэгдэж, нийлж, нэг цул болж, хүчирхэг монголоо бий болгох, ард түмнээ амар тайван, сайн сайхан амьдруулахын төлөөх зорилго дор нэгдэж байгаа.
Төр төвшин байхын тулд сонгогдож байгаа түшээд нь ёс зүйтэй, иргэдээ гэсэн сэтгэлтэй, мэргэжлийн хүмүүс байх ёстой. “Үндэсний Эвсэл”-ийн гол концепци бол “Иргэн баян бол улс баян”. Үүнийгээ үндэслэж, “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, үндэстнээрээ баяжъя” гэсэн уриа дэвшүүлж буй.
“Үндэсний эвсэл”-ээс 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Пүрэвцэрэнгийн Энхцэцэг:
-Бид өмнө нь боловсролыг дэндүү явцуу хүрээнд ойлгож байсан. Бичиг үсэг тайлагдах, дөрвөн оронтой тоо бодох их сайндаа сайн математикч болох, гадаад хэлийг сайн сурах гэдэг явцуу хүрээнд ойлгож иржээ. Гэтэл боловсрол гэдэг спорт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн төв байх ёстой. Өнөөдөр таны хүүхдийг бие бялдрын хөгжилтэй болгож байгаа сургууль байна уу гэвэл, үгүй. Эрүүл мэндийг нь хариуцаж, идэх ёстой хоолыг нь өгөх ёстой цагт нь өгч, монгол үндэстний агуу их түүхээр нь бүтээсэн соёлын орон зайд хүн байх мөн чанарыг төлөвшүүлж байгаа сургууль байна юу гэвэл, бас л үгүй. Шинжлэх ухаан хөгжлийнхөө дээд цэгтээ хүрчихсэн. Шинжлэх ухааны энэ ололтыг ашиглаж, нийгмийн ахуй орчноо ч бид хөгжүүлж чадахгүй байна. Утаа, хөрсний бохирдол, үер ус, тоосжилт, түгжрэлээ шийдэж чадахгүй байгаа. Ийм тав тухгүй нийгэмд бид амьдарч байна. Тэгэхээр энд шинжлэх ухааны мэдлэг хэрэглэгдэхгүй байгаа биз дээ.
Тиймээс шинжлэх ухааны мэдлэгтэй, салбар салбарын мэргэжилтнүүд маань хууль тогтоох байгууллагад ажиллах ёстой. Улс төрийн өнгө, мөнгөтэй, худал амлалт, попролтоор ард түмнийг төөрөгдүүлж, хуурдаг хүмүүсийг сонгох ёсгүй.
Хүн гэдэг эрүүл чийрэг бие бялдартай, өндөр дээд ёс суртахуунтай хүн мөн чанараа олсон, шинжлэх ухааны мэдлэг мэдээллийг тархиндаа хүлээж авсан, түүгээрээ мэргэшиж, хөдөлмөрлөж бүтээдэг хүмүүсийг бүтээхийн төлөө боловсролын систем маань ажиллах ёстой. Спорт, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбар сургуулийн гадна биш дотор нь ажиллах хэрэгтэй байна. Монголын 840 сургууль хүний хөгжлийн төв байх ёстой.
“Үндэсний эвсэл”-ээс 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 8-р тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Цэндийн Мөнхцацрал:
-Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас эхлээд олон улсын байгууллага, Солонгос дахь Зүүн хойд Азийн засаг захиргааны холбоо, Солонгос дахь хууль эрх зүй, өмгөөллийн товчоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын газар зэрэг олон газарт ажилласан. БНСУ-д байхдаа гадаад улс дахь монголчууд болон хөгжилтэй улс орнуудыг Монгол Улстайгаа харьцуулсан судалгаанууд хийж байлаа. Энэ хүрээнд харахад манай улсын хөгжил үнэхээр удаан байна. Иргэдийн амьдрал сайжрах ёстой байтал дордож байгаа нь маш олон судалгаагаар батлагдсан. Уг нь манай улс ардчиллын замаар 30 гаруй жил явж байгаа. Ардчилал гэдэг иргэдийн амьдрал сайжирдаг, тэдний дуу хоолойг сонсдог, хууль эрх зүйн тэгш, таатай орчныг бүрдүүлэх ёстой. Гэтэл манай улс эсрэгээрээ байна. Салбар бүрд, байгууллага болгонд намчирхал гэдэг хүчээ авч, цөөн хэдэн хүн хувийн эрх ашгийнхаа төлөө баялгаас хулгайлж, ард түмнийг хэцүү байдалд оруулж байна. Энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй.
Өндөр хөгжилтэй улс орнууд тухайн орныг баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн авч явдаг гэж үздэг. Гэтэл манайд эсрэгээрээ байна. Сая Баянзүрх дүүргийн хувийн хэвшлийнхэнтэй уулзлаа. Жишээ нь, оёдлын үйлдвэрүүд подвалд 30 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгээ хэлж байна.
Уг нь эрх барьж байгаа нам, засаг төрөөс олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийнхээ амьдралыг сайжруулж байна гэж ярьдаг ч зорилтот бүлэгтээ хүрэхгүй байна. Тиймээс “Үндэсний эвсэл” энэ бүхэнд өөрчлөлт хийнэ. Өөрчлөлтийг зоригтой, зүрхтэй хийнэ.
Хувийн хэвшлүүд татвар, даатгалын дарамтад орж, өрийн босгыг давж чадахгүй. Залуу гэр бүлүүд өөрийн гэсэн орох оронгүй, ипотекийн зээлд хамрагдах гэхээр танил тал, арын хаалгагүй бол орох боломжгүй. Зээлд хамрагдчихлаа гэхэд өндөр хүүтэй, урт хугацааны зээлийг насаараа төлөх болж байна. Тийм ч учраас сэтгэлгүй удирдлагуудаас залхсан хөдөлмөрийн насны залуучууд маань хүний нутагт ажиллаж байгаа юм. Одоогоор 220 мянган хөдөлмөрийн насны залуу гаднын улсад ажиллаж, амьдарч буй. Хамгийн их нь БНСУ-д буюу 53 мянга, Шведэд 20 мянган бий. Ихэнх нь хүний нутагт хүний харц дор ээж аав, эх орон, элгэн саднаасаа хол бэтгэрч ажиллаж, амьдарч байна.
ҮНДЭСНИЙ ЭВСЛИЙН СОНГУУЛИЙН ШТАБ