Амралт, аялал зугаалгын үеэр гол, усны ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Нийслэлийн Онцгой байдлын газарт 2024 оны эхний хагас жилийн байдлаар голын салаанд боогдсон, автомашинтай усанд суусан, гол, тогтоол усанд живсэн нийт 48 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн 416 том хүн, 68 хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоор 2 хүүхэд, 3 том хүн амиа алдсан тохиолдол бүртгэгдээд байна. Мөн Аврах ангийн алба хаагчид голын уснаас 7 том хүний цогцсыг гаргажээ.
Амралт, аяллын үед гол, усны ослын дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд аялал, зугаалгаар зорчихдоо хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг анхаарч, зориулалтын бус хийлдэг завь, гудас, цагариг болон бусад хөвөх хэрэгсэл ашиглахгүй байх, гэнэтийн аадар борооны үед болзошгүй үерийн аюул, ослоос сэргийлэн аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.