Наадмын тасалбарыг шагчид 250-600 мянган төгрөгөөр зарж байна
Наадмын тасалбарыг энэ сарын 1-ээс цахимаар худалдаална гэж байсан ч нээгдээд 10 минутын дотор зарагдаж дууссан. Энэ жилийн наадмын тасалбарыг дөрвөн өөр үнээр цахимаар худалдсан.Тэгвэл 52-157 мянган төгрөгийн үнэтэй худалдсан наадмын тасалбарыг шагчид 250-600 мянган төгрөгөөр зарж байгаа аж. Тайзны өөдөөс харсан урдуур эгнээний суудал 600 мянган төгрөг, харин тайзнаас хол арын суудал хамгийн хямддаа 250 мянган төгрөгт хүрчээ.Манай төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган хүний суудалтай. Үүний 2200 нь гаднынхад борлуулжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатараас тодруулахад “Манай төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган хүний суудалтай. 1958 онд баригдсан, 60 гаруй жил болж байгаа. Энэ жил бид борооны сүүдрэвч хийж, ариун цэврийн өрөөг шинэчилсэн. Гаднын том тоглолтууд ч гэсэн хэдэн мянган хүний суудалтай тасалбар нь хэдхэн минутын дотор зарагддаг. Манай enaadam-аар тасалбараа зарсан. Өмнөх жилүүдээс харьцангуй олон тасалбар зарсан. Аялал жуулчлалын газар 2200 тасалбарыг туре операторууд дамжуулж зараад бусдыг нь борлуулсан. Цаашдаа Төв цэнгэлдэх хүрээлэнгээ томсгож дор хаяж 20-30 хүн ордог, жилийн дөрвөн улирал ажилладаг arena-тай болох шаардлагатай байгаа” гэлээ.