Аз жаргал ямар үнэтэй вэ?

0

Бутан орныг хэдхэн үгээр илэрхийлэх гэж үзье.

Нууцлаг. Газар зүйн хувьд түгжигдсэн энэ улс соёл, шашин, бизнес, амьдралын хэв маягийн хувьд ч захын хүнд ойлгогдохоор, нээлттэй улс биш. Товчхондоо Бутан бол монголчууд бидний илүү сайн мэддэг Тайланд, Вьетнам, Хятад биш. Гэхдээ Бутаны нууцлаг, учир битүүлэг ч гэмээр байдал нь хаалттай, аюултай гэсэн үг бас биш ээ. Илбэ үзсэн хүн “Яаж ингэж чадав?” гэж нууцыг нь олж мэдэхийг хүсдэг. Хималайн өвөрт нуугдсан Бутан бол илбийн нууц шиг учир битүүлэг амар амгаланг өөртөө хадгалан байгаа тийм л улс. Үүлэн дундах уулсын өндөр мэдэгддэггүй шиг нууцлаг Бутан орон…

Өнгөлөг. Газар нутгийнх нь 70 гаруй хувь ой мод, дөрөвний нэгээс илүү нь дархан цаазтай орон бол Бутан. Тийм учраас Бутан бол ногоон өнгөний орон. Онгоцноос буухад л энэ ногоон өнгийг та мэдэрнэ. Улаан шар тунарсан лам нарын хувцас, хүрэн ногоон алагласан дээврүүд, цагаан хадаг, цаст оргил, цэгээн гол бас бүгд Бутаны өнгө. Тэнгэрт ойрхон болоод тэр үү энд манан будан нь хүртэл тунгалаг, өнгөлөг юм шиг санагдана.

Баялаг. Бутаныг баялаг гэж байгаа нь газрын баялгийн тухай тодорхойлолт биш юм. Энэ бол олон янз гэсэн үг. Харьцангуй жижигхэн энэ газар нутаг 770 зүйлийн шувуудтай нь манайхаас илүү олон. Заан, ирвэс, панда баавгай гээд ховор амьтдын зүйл ч баялаг. Булган аймгаас ч жижигхэн Бутан цаг агаарын үзэгдлээр ч баялаг. Урд нутаг Энэтхэгийн хил дээр +30 хэм хүрч халж байхад, хойгуурх уулсаар бол 10 хэм хүрэхтэй үгүйтэй байх нь энүүхэнд. Хүнс хоолны орц жор ч нутаг нутгаар өөр, баялаг. Гайхшруулж дуусахгүй баялаг Бутан.

-Монгол, Бутан хоёр юугаараа адилхан бэ?

  •  Бурхны шашинтай. Хүн амын 75 хувь нь шарын шашинтан бол 23 хувь индуизмыг дагадаг балба зэрэг үндэсний цөөнхүүд. Үлдсэн 2 хувь нь муслим, христ мөргөлтэй.
  •  Далайд гарцгүй. Бутан бол ёстой уулсын орон. Далайн төвшнөөс дээш 6400 метрийн өндрийг давсан 9 цаст оргил цавцайн дүнхийж байдаг газар аа.
  •  Хоёр их хөрштэй. Бутан ердөө хоёрхон улстай хиллэдэг. Тэр хоёр улс нь Энэтхэг болон Хятад. Дэлхийн хамгийн их хүнтэй хоёр их гүрний дунд орших жижигхэн улс. Манай гарагийн нийт хүн амын 1/3-ээс олон 2,8 тэрбумын дундах сая хүрэхгүй бутанчууд… Уулсын дунд учир битүүлэг, нууцлаг оршдогийнх нь нэг учиг энэ ч байж магад.

Бангладеш, Кувейт, Таиланд, Швейцари, АНУ, Австрали, Бельги, Энэтхэг… Энэ бол Бутаны Дипломат төлөөлөгчийн газар байдаг 8 улс л даа. Цомхон байгаа биз? Харин Тимпү хотод Кувейт, Энэтхэг, Бангладешийн ЭСЯ, НҮБ-ын Төлөөлөгчийн газар л байдаг. Ижил төстэй ч юмтай, бас ялгаа зөрөөтэй ч зүйлтэй манай хоёр улс 2012 онд дипломат харилцаа тогтоосон юм. Өнөөдөр Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуухаа өргөн барьжээ.

1947 онд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан ч манай Монгол шиг он удаан жил шаргуу тэмцсэний үр дүнд 1971 онд л НҮБ-ын гишүүн болжээ. Дэлхий энэ улсыг Бутан гэдэг. Харин бутанчууд өөрсдийгөө, улсынхаа нэрийг Дүрүг Юл гэнэ. Энэ нь “Луугийн улс” гэсэн утгатай үг. Сонирхуулахад, олон улсын телефон ярианы код Бутаных 975 бол Монгол улсынх 976. Сонин тохиолдол.

 Бутан бол Үндсэн хуульт Хаант засаглалтай улс. 2006 оноос хойш 18 дахь жилдээ төр барьж, 2008 онд албан ёсоор сэнтийд заларсан одоогийн хааныг Цог Жавхлант Хаан Жигмэд Гэсэр Намжил Ванчиг, харин Хатныг нь Жэцүн Пема гэдэг. Баруунд боловсрол эзэмшсэн хаан ардчиллын зүг алгуур боловч алхам хийж байгаа гэж ажиглагчид үздэг.

Нууцлаг, өнгөлөг, баялаг энэ орны эзэд нь, иргэд нь бутанчууд. Иргэдээ аз жаргалтай, амар амгалан байлгах нь хаант төрийн бодлого. Сонирхуулахад, замын түгжрэл, агаарын бохирдол, авилгал гээд аз жаргалаас хумсалдаг асуудал зовлон энд бараг байхгүй. Та энд гэрлэн дохио хайгаад олохгүй. Угаасаа байхгүй. Нийслэл хотын гудамжинд түгжрэл үгүй учраас гэрлэн дохио ч хэрэггүй. Бүх юм бурхны тааллаар, өөрийн хэмнэлээр, намуухан урсан өнгөрдөг газар бол Бутан гэмээр. Бүх юм аандаа бүтнэ. Аз жаргалын хамгийн эхний, энгийн жор энэ. Дотоодын нийт бүтээгдэхүүн биш дотоодын нийт аз жаргал бутанчуудын хувьд чухал үзүүлэлт. Аз жаргал, сэтгэл ханамж бол энэ улсын төрийн бодлого гэсэн үг. Аз жаргалын индекс өндөртэй, гэмт хэрэг бараг гардаггүй Бутан саяхнаас л жуулчдад хаалгаа илүү өргөнөөр нээсэн юм. Өмнөх хаан нь бүр “Ард олны аз жаргал бол ДНБ-ээс илүү чухал үзүүлэлт” гэж хэлсэн байдаг. Явсан газрын сонин ийм байна. Ижил төстэй ч юмтай, бас ялгаа зөрөөтэй ч зүйлтэй манай хоёр улс 2012 онд дипломат харилцаа тогтоосон юм. Өмнө нь гадаад хэргийн сайд нар харилцан айлчилж байсан бол энэ наадмаар Бутаны хаан, хатан хоёр Монголд маань зочлох нь. Монголд тавтай морилоорой.

Дахин уулзатлаа баяртай, Бутан орон…

 Та ч бас зочлон ирээрэй. Нууцлаг, өнгөлөг, баялаг Бутан орноор аялаж аз жаргал, амар амгаланг мэдрээрэй.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *