Үл хайхрах хүчирхийллийг хуулиар зохицуулна

0

Хүүхэд нийгмийн хамгийн бага нэгж болох гэр бүлд төлөвшиж, бие хүн болдог. Өөрөөр хэлбэл гэр бүлийн уур амьсгал, харилцаа хандлага ямар байна тэр болгон хүүхдийн хүмүүжилд нөлөөлнө. Нийгэм даяаршихын хэрээр амьд харилцаа багасаж, гэр бүлийн хоорондын харилцаа хөндий болсон гэхэд хилсдэхгүй. Түүгээр ч зогсохгүй хүүхдийг зодож гэмтээх үзэгдэл нийгмийн бүхий л хүрээнд үйлдэгддэг болсон. Ялангуяа сүүлийн жилүүдэд энэ үзэгдэл их ажиглагдаж, үл хайхрах хүчирхийлэл гаарсаар байгаа юм. Дан ганц эцэг эх гэлтгүй томчууд, нийгмээрээ хүүхдүүдийг үл хайхарч, хүүхэд болзошгүй эрсдэлд өртсөөр байна. Мөн ахуйн хүрээний архидалт газар авч хүүхдийн дэргэд архидан согтуурч улмаар хүүхдийн эрх зөрчигдөх үзэгдэл нэмэгдэж байгаа юм. Уг асуудлыг цэгцлэх зайлшгүй шаардлагатай гэж үзээд УИХ-аас хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сард шинэчлэн найруулж баталсан. Хуулийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн онцлох өөрчлөлтүүд орсон.

Тодруулбал, хуулийн төсөлд үе тэнгийнхний дээрэлхэлт, ахуйн хүрээнд архидан согтуурч улмаар хүүхдийг хохироох, үл хайхрах мөн хүүхдийг цахимаар дээрэлхэх зэрэг нийгэмд энгийн үзэгдэл болсон мэт эдгээр асуудлуудад хуулийн хариуцлага хүлээлгэдэг байхаар шинэ зохицуулалтуудыг оруулсан байна.

Хууль, шүүхийн байгууллагын алба хаагчдын үйл ажиллагаа, арга барил нь хүүхдэд ээлтэй, дээд эрх ашгийг нь хангасан үйлчилгээ явуулдаг байхаар хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ. Мөн 2025 оны нэгдүгээр сараас эхлэн хороо, сум бүр хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтантай байхаар хуульд заасан байна.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр түр болон байнга оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат байхаас үл хамааран Хүүхдийн хамгааллын тухай хууль үйлчилнэ.

Хүүхэд хамгааллын шинэчилсэн хууль ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газартай хамтран Хүүхэд хамгааллын тухай хуулийг сурталчлах нөлөөллийн ажлыг аймгуудад зохион байгуулж, төрийн албан хаагчид болон иргэд, олон нийтэд нэгдсэн ойлголт, мэдээлэл өгч, хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлийг өгч ажиллаж байгаа аж.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *