Газ дэлбэрэлтэд өртсөн байрныхан эсэргүүцлээ илэрхийлж байна

0

Газ дэлбэрэлтэд өртөж, орон байргүй болсон 207 дугаар байрны оршин суугчид эсэргүүцлээ  илэрхийлж байна. Тэд байрныхаа гадна талд одоог хүртэл арга хэмжээ авч чадахгүй байгаа төрийн удирдлагуудад хандсан үг бичиж, байршуулжээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд 2024 оны нэгдүгээр сард ноцтой осол гарч, газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэн. Дэлбэрэлтийн улмаас олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод буй. Газ дэлбэрэлтэд өртөж, орон гэргүй болсон 63 айлын 207 дугаар байрыг нийслэлээс  засварлахаар болсон ч ажил нь хэзээ эхлэх нь тодорхойгүй байна.

Оршин суугчдын зүгээс ямар ч мэдээлэлгүй байгаа бөгөөд түрээсийн байрны хугацаа нь есдүгээр сарын 30-ны өдөр дуусна. Нэг сарын түрээс барьцаанд авсан. Байрны гаднах цагдаагийн хамгаалалтыг буулгаснаас хойш байранд орон гэргүй хүмүүс хоноглож, галд өртөөгүй айлуудад хулгай гарсан гэдгийг хэлж байгаа юм.

Уг байрыг засварлахад нийслэлийн төсвөөс долоон тэрбум төгрөгийг төсөвт тодотгол хийж, тусгасан.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өгөхдөө “Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд урсгал зардал хооронд 58.8 тэрбум төгрөгийн төсвийн зохицуулалтыг хийж, төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг 11.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Төсвийн төсөлд тусган боловсруулсан томоохон зардлын нэг нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 24-нд гарсан ослын улмаас 207 дугаар байр галд өртөж, шатсан. Оршин суугчдад учирсан хохирлыг арилгах хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны ажлын хэсгийн дүгнэлтээр гарсан зардлын урьдчилсан тооцоо Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Засаг даргын нөөц хөрөнгийг долоон тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан гэдгийг хотын дарга Х.Нямбаатар НИТХ-ын үеэр онцолж байв.

Газ дэлбэрсэн асуудалтай холбоотой Засгийн газраас таван тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд зарцуулалтаас үлдсэн 2.9 тэрбумыг нийслэлд шилжүүлсэн гэх мэдээлэл өгч байсан юм.

Тус байрны оршин суугчид 2024 оны тавдугаар сарын 9-нд мэдээлэл хийхдээ “Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан дүгнэлт дээр бетоны чанар аюулгүй байдлыг хангасан байна, Барилгын  бүтэц хийцэд дэлбэрэлтээс үүдэн ямар нэгэн гажилт, хазайлт үүсээгүй. Барилгын норм дүрмийг хангаж байна гэсэн дүгнэлт ирсэн.  Газ ачиж явсан автомашин дэлбэрсний улмаас 207 дугаар байрны 63 өрхийн 218 оршин суугчид гамшигт өртсөн.  Үүнд өндөр настан 17, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр, бага дунд насны 83 хүүхэд, хэвтрийн өвчтөн нэг, жирэмсэн эх гурав,  хөдөлмөрийн насны иргэн 112 буюу нийт 218 иргэн идэр есийн хүйтэнд орон гэргүй болж үлдсэн. Өнөөдрийг хүртэл бидний ирээдүй шийдэгдээгүй байгаад санаа зовж байна.

Бид Улсын онцгой комиссын дүгнэлттэй нэг бүрчлэн уншиж танилцсан. Энэ байрны бодит дүгнэлт дээр гуравхан айл бүрэн галд өртсөн гэсэн байсан. Тэр дундаа барилгын үндсэн хийцлэлд байгаа нэг айл галд өртсөн. Тэр айлууд нь 13 давхрын өргөтгөлийн хэсгийн айлууд байсан. Барилгыг хүчитгэх арга хэмжээг авах шаардлагатай гэдгийг Барилга, хот байгуулалтын яамны дүгнэлтэд бичсэн байсан” гэдгийг хэлсэн байдаг.

Хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсгээс гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор зургаан төрлийн 62 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилж 60 орчим дүгнэлтийг гаргуулжээ.

Галын улмаас онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Одоо хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *