Парис 2024: Гэрлийн хот гэрэлтэж, дэлхий түүнд дурлав
Парисын олимпийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр/2024.07.26/ ёслол төгөлдөр болж, галт бамбарын тулганд асааснаар зуны 33 дахь олимпийн албан ёсоор эхэлж, өнөөдрөөс гал гарсан ширүүн өрсөлдөөн, сонирхолтой үйл явдлууд өрнөнө. Наймдугаар сарын 11-н хүртэл Парис хот дэлхий нийтийн анхаарлын төв орж, хүн төрөлхтний эв нэгдэл, баяр бахдал, мөрөөдөл, зорилго биелэх тэрхүү цэг байх болно. Та бүхэндээ нээлттйг үйл ажиллагааны онцлох үйл явдлуудыг сонирхуулъя.
ПАРИС ХОТ ӨӨРИЙГӨӨ ГАЙХУУЛАВ
Олимпийн зохион байгуулагчдын хувьд хүссэн цаг агаар нь тохиосонгүй. Гэхдээ “Гэрлийн хот” өөрийн түүх, соёлыг дэлхий нийтэд гайхуулахад асуудал үүссэнгүй. Дэлхий нийтээрээ Парис хотод дурлалаа. Яагаад “Гэрлийн хот”, “Хайрын хот” гэдгээ утгаар нь харуулж, гэрлийн шоугаар цэнхэр гаригийг гэрэлтүүлж, өөртөө дурлуулав. Парис хотын барилга байгууламж, ганц тоосго нь хүртэл түүх агуулдаг гэдгийг харуулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн түүчээлэгч гэдгээ батлах шиг.
Сена мөрөн дээр эхэлсэн аялал замдаа Парис хотын бүхий л соёл, дурсгалын үнэт газруудыг толилуулж, эцэст нь Эйфелийн цамхаг дээр төгсгөв. Хот гэрлээ асааж, бороотой бүрхэг үдшийг гэрэлтүүлсэн. Галт бамбар Парис хотын алдартай барилгуудын дээврээр аялж, түүхээ хангалттай харууллаа.
БОРООТОЙ НААДАМ
Парис хотод Баасан гаригт бороотой гэж мэдэгдсэн. Гэхдээ зохион байгуулагчид бүхий л эрсдлийг тооцоолсон гэдгийг мэдэгдчихсэн байв. 30 минут орчим үргэлжилсэн бороо гурван цаг 30 минутын шоуг улам сонирхолтой болгож, орчин цагийн олимпийн түүхэн дэх хамгийн бороотой наадмын нээлтийг дэлхий нийт харав.
Олон зуун мянган үзэгчид Сена мөрний эргээр зассан тайзан дээр тухалж, өнгө өнгийн шүхэр, борооны цув, пончогоор “гангарчээ”. Бүжигчид, хөгжимчид, уран бүтээлчдэд ч бороо багахан бэрхшээл учруулж, үзүүлбэрээ үзүүлэхэд тээр болж байгаа харагдсан.
СЕЛИН ДИОН БА ЛЭДИ ГАГА
Эйфелийн цамхаг гэрлийн шоугаар “зодсон”-ы дараа энэ гаригийн хамгийн хүчирхэг, уянгалаг хоолойт, алдарт Селин Дион дөрвөн жилийн дараа тайзнаа гарч, үзүүлбэрээ үзүүлэв. Франц-Канад гаралтай тэрбээр стифф-персон синдромтойгоо удаан хугацаанд тэмцэж байгаа бөгөөд булчин сулрах, гэрэл, дуу чимээнд хэт мэдрэг болох зэрэг шинж тэмдэг илэрдэг ховор төрлийн мэдрэлийн эмгэг аж.
Энэ эмгэг нь нэг сая хүн тутамд ердөө ганцхан тохиодог. Мэдрэлийн эмч нар амьдралынхаа туршид ийм эмгэгтэй нэг эсвэл хоёр удаа л таардаг гэнэ.
Селин Дион ч эдгэрч, тэмцэж байгаа гэдгээ харуулж, олимпийн наадмыг нээлээ. Тэрбээр “L’Hymne à l’amour” дууг дуулж, нээлтийн үйл ажиллагааг төгсгөсөн юм. Селин Дионы дуу хоолой, Сена мөрнийг бүжигжүүлж, Парис хотыг жаргааж, Эйфелийн цамхаг түүнийг гэрэлтүүлэв.
АНУ-ын дуучин Келли Кларксон түүний үзүүлбэрийг хараад “Дуучдын олимпийн алтан медальт” гэжээ.
Нээлтийн ёслолын гэнэтийн бэлэг нь Лэди Гага байсан. Тэрбээр ““Mon Truc En Plumes,” дууг дуулж, олимпийг чимэв. Тэрбээр инстаграм хуудаснаа “Хэдий би франц уран бүтээлч биш ч франц хүмүүстэй, франц дуу дуулахдаа үргэлж онцгой холбоотой байсаар ирсэн. Би Францын зүрхийг дуугаараа дулаацуулж, Францын урлаг, хөгжмийг алдаршуулсан тоглолт хийхээс өөрийг хүссэнгүй” гэжээ.
ЗАВЬТАЙ ПАРАД
Нээлтийн ёслол Сена мөрөн дээр болно гэхэд олон хүн эргэлзсэн биз. Үндэстнүүдийн парадыг яаж зохион байгуулах бол гэсэн хүлээлт байсан. Тэгвэл Парисын олимп бэлэг барьж, завьтай парадыг зохион байгуулав. Сагсан бөмбөгийн супер од Яннис Антетокунмпо Грекийн тугийг барьснаар уламжлал ёсоор парадыг эхлүүлсэн. Эртний Грек 3000 жилийн өмнө олимпийн наадмыг санаачилсан гэдэг утгаараа тэд олимп бүрийн эхэнд, үндэстэн бүрийн манлайд парадыг эхлүүлдэг уламжлалтай.
Монголын баг тамирчид франц хэлний үсгийн дарааллын дагуу 125 дугаарт жагссан. Марафоны домогт тамирчин, зургаа дахь олимпдоо оролцож буй Б.Сэр-Од болон боксын залуу тамирчин О.Есүгэн нар Монголын тугаа барив.
Харин парадын гол анхаарлыг АНУ-ын баг тамирчид тэр дундаа ЛеБрон Жэймс татав. Магадгүй бүх цаг үеийн хамгийн агуу сагсан бөмбөгийн тамирчин дэлхийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэг Америкийн далбааг барьсаар парадад жагссан. Түүнтэй хамт талбайн теннисний залуу од Коко Кофф байв.
Дараагийн олимп 2028 онд Лос Анжелес хотноо болно.
Франц улс зохион байгуулагч орон гэдэг утгаараа парадыг хааж, хамгийн сүүлд жагсав.
ДЭЛХИЙН СПОРТЫН АМЬД ДОМГУУД ЧУУЛАВ
Олимпийн галт бамбарыг тулганд бадраахаас өмнө Францаас төрөн гарсан хөлбөмбөгийн од Зинедин Зидан, талбайн теннисний амьд домгууд болох Рафаэль Надал, Серена Уиллиамс, хөнгөн атлетикийн домог, есөн удаагийн олимпийн аварга Карл Льюис, 100 настай, 1948 оны Лондонгийн олимпийн аварга, Францын хамгийн өндөр настай олимпийн медальтан Чарлес Косте тэргүүтэй тамирчдаар галт бамбар аялж, эцэст нь олимпийн аварга жүдоч Тедди Ринье болон олимпийн аварга, гүйгч Марье-Хосе Переч нарт ирж, тэд тулганд асааснаар бөмбөлөг хөөрч, олимпийн наадам албан ёсоор эхлэв.