М.Оюунчимэг: ХНХ-ын сайд болох эсэхийг санал тавьсны дараа шийднэ
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн талаар өдөр тутмын сонинд “Асуудал нь овоорсон ХНХ-ын яамыг М.Оюунчимэг л босгож чадна” гэсэн нийтлэл өнөөдөр гарсан. Мөн тэрээр “CU, GS-25 сүлжээ дэлгүүрүүд хотын төвийн хүнсний дэлгүүрүүдийг зах зээлээс шахаж байна” хэмээн мэдэгдсэн. Энэ талаарх байр суурийг нь сонирхлоо.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Гадны үйлчилгээний соёл эерэг олон үр дагавартай. Үүнийг бид дэмжиж байгаа. Нөгөө талаасаа манай дундаж давхаргын олон мянган иргэдийн амьдралыг залгуулдаг жижиг бизнес эрхлэгч, дотоодын зах зээлээ хамгаалах асуудал чухал байна. Дэлхийн бүхий л улс орнуудад үүнийг зохицуулсан зохицуулалт, бодлоготой байдаг. Түүнээс төр шууд оролцоно гэсэн асуудал биш. Тухайлбал, Арабд иймэрхүү дэлхийн сүлжээ дэлгүүрүүд орж ирсэн тохиолдолд тухайн улсын иргэн тэдэн хувийг эзэмшсэн байна гэдэг зохицуулалтыг зааж өгсөн байдаг.
Хуучин Өргөдлийн байнгын хороо гэж байхад нийтийн эрх ашгийг хамгаалсан ийм асуудлаар иргэдийн гарын үсгийг цуглуулаад, байнгын хороогоор хэлэлцээд салбар яаманд үүрэг чиглэл өгдөг байсан. Одоо иргэд хаана хандахаа мэдэхгүй байна. Тэгээд манай тойргийн найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг, цайны газар ажиллуулдаг иргэд надад хандсан. Зээлд хамрагдаж чадахгүй, бидэнд ямар ч хамгаалалт байхгүй, яагаад жижиг бизнес эрхлэгчдээ ингэж хандаад байгаа юм бэ гэдэг асуудлыг л Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн. Энэ асуудлыг хариуцсан яам, агентлаг нь анхааралдаа аваасай гэж хүсэж байна.
-ХНХ-ын сайд болох гэж байна гэсэн зүйл яригдаж байна. Ерөнхий сайдын зүгээс санал тавьсан уу?
-ХНХ-ын сайд болох санал одоогоор надад ирээгүй байна. Санал ирсэн тохиолдолд тухайн үед нь шийднэ гэв.