“Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний нийт гүйцэтгэл, үр дүн 67.5 хувьтай байна

0

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн юм.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 56 дугаар тогтоолоор “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-г 6 бүлэг, 23 зорилт бүхий 300 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний нийт гүйцэтгэл, үр дүнгийн дундаж үнэлгээ 67.5 хувьтай байна. “Ковид-19″ халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого 89.3, Ногоон хөгжлийн бодлого 69.0, Хүний хөгжлийн бодлого 66.5, Эдийн засгийн бодлого 61.2, Засаглалын бодлого 70.2, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 84.6 хувийн дундаж үнэлгээтэй байна гэлээ.

“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т хэрэгжүүлэхээр заасан нийт 1031 арга хэмжээнээс (давхардсан тоогоор) 328 арга хэмжээ, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”’-г хэрэгжүүлэхээр заасан нийт 252 арга хэмжээнээс (давхардаагүй арга хэмжээний тоогоор) 75 арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд тусгагджээ.

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд тусгасан нийт 300 төсөл, арга хэмжээнээс “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгасан 328 арга хэмжээтэй уялдаж буй 276 арга хэмжээний хэрэгжилтийн үнэлгээг авч үзвэл 57 арга хэмжээ нь “үр дүнтэй” буюу 100 хувь, 83 арга хэмжээ нь “тодорхой үр дүнд хүрсэн” буюу 70-99 хувийн хэрэгжилттэй, 32 арга хэмжээ нь “эрчимжүүлэх шаардлагатай” буюу 31-69 хувийн хэрэгжилттэй, 100 арга хэмжээ нь “үр дүнгүй” буюу 0-30 хувийн хэрэгжилттэй байгаа бол дөрвөн арга хэмжээг нууцын журмаар тайлагнасан тул “үнэлэх боломжгүй” хэмээн дүгнэсэн байна.

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасны дагуу Үндэсний аудитын газар Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн үр дүнд хийсэн аудитын тайландаа хэрэгжилт 60.1 хувьтай, зорилтот үр дүнд хүрээгүй хэмээн дүгнэсэн байна. “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө”-ний зорилго, зорилт, төсөл, арга хэмжээний хэрэгжилт, үр дүнг үнэлэхэд 82 буюу 27.3 хувь нь үр дүнтэй, 71 буюу 23.7 хувь нь тодорхой үр дүнд хүрсэн, 88 буюу 29.3 хувь нь эрчимжүүлэх шаардлагатай, 59 буюу 19.7 хувь нь үр дүнгүй, зорилтот шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг хангаагүй байна гэжээ. 

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороо 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хамтарсан хуралдаанаараа хэлэлцжээ.

Улсын Их Хурлын Тамгын газраас төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд гүйцэтгэл, үр дүнгийн дундаж үнэлгээ 65.2 хувьтай байгаа нь Засгийн газраас хэрэгжилтийг 67.5 хувь гэж үнэлж ирүүлснээс 2.3 нэгж хувиар буурчээ.

Үнэлгээ буурахад хэрэгжүүлэхээр тусгагдсан нийт 300 төсөл, арга хэмжээнээс зураг төсөв хийгдэж дуусаагүй, газрын асуудал шийдэгдээгүй, санхүүжилт батлагдаагүй, зорилт арга хэмжээний хэрэгжилтийн хувь, шалгуур үзүүлэлтийг хангаагүй, бэлтгэл ажил дуусаагүй, тодорхой үр дүн гарч эхлээгүй, авсан арга хэмжээ, үр дүнг тайлагнаагүй, зорилтот түвшиндээ бүрэн хүрээгүй, гүйцэтгэл дутуу зэрэг шалтгаанаар 32 арга хэмжээг аргачлалын дагуу бууруулж үнэлсэн нь нөлөөлсөн байна.

2022 оны жилийн эцсийн байдлаар эрчимжүүлэх шаардлагатай болон үр дүнгүй 105 арга хэмжээ байгаа нь Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөнд төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн урьдчилсан тооцоолол судалгаа хийгдээгүй байна. Мөн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулаагүй зэрэг хуулийн шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг тусгасан нь бодлогын зорилт, хүрэх үр дүн биелэх нөхцөлийг бууруулсан хэмээн үзсэн байна. Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг боловсруулахдаа зарим төсөл, арга хэмжээний суурь түвшин, зорилтот түвшнийг тоон болон чанарын утгаар хэмжигдэхүйцээр бодитой тодорхойлоогүй, шаардлагатай хөрөнгийн хэмжээг урьдчилан тооцоолоогүй гэжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *