УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар хөгжлийн бэрхшээл, хүний эрхийн асуудлаар оюутнуудтай уулзав
УИХ-д анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар өнөөдөр Зориг сангийн “Ардчилал зуны зуслан” хөтөлбөрт оролцогч оюутнуудын төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.
Зориг сангаас “Ардчилал зуны зуслан” хөтөлбөрийг ес дэх жилдээ зохион байгуулж буй бөгөөд энэ хүрээнд оролцогч оюутан залуус ардчилал, хууль тогтоомж, түүний хэрэгжилт, сайн засаглал, жендэр, хүний эрх зэрэг улс төр, нийгэмд тулгамдаж буй асуудлаар сургалтад хамрагддаг байна. Уулзалтын үеэр гишүүдийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудыг бодлогын хувьд шийдвэрлэж, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэгжүүлэх нь чухал байгааг онцлоод энэ чиглэлээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан ажлуудыг танилцуулж, залуусын төлөөлөлтэй нээлттэй ярилцаж, санал бодлоо хуваалцав.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжаар асуудлыг шийдлээ гэж үзэх нь учир дутагдалтай гэдгийг тэмдэглээд, цаашид тогтолцооны өөрчлөлтийг хийж шаардлагатай дэд бүтцийг байгуулж, хүн бүр эрх тэгш байх боломжтой нийгмийг бий болгох нь чухал гэж байлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Саранчулуун, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар бэрхшээлийг зөв тодорхойлдог олон улсын ангиллыг үе шаттай хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж буйгаа илэрхийлээд энэ хүрээнд олон нийтийн хандлагыг өөрчлөхөд залуусын оролцоо чухал болохыг онцолсон юм.
Уулзалтад АНУ, Англи, Австрали, Бүгд Найрамдах Солонгос улс, ХонгКонг зэрэг оронд суралцагчид болон АШҮИС, МУИС, ШУТИС, Шихихутаг их сургууль, Этүгэн их сургууль зэрэг сургуулиудад суралцагч оюутнууд оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.