ШУУРХАЙ: Цуврал аллага үйлдэж, хохирогчдын цогцсыг жалганд хаядаг байсан Г.Эрдэнэбат гэгчид бүх насаар нь хорих ял оноожээ
Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 18 жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины цуврал хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан билээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо үерийн далан дотроос 2005 оны арванхоёрдугаар сарын 17 /2005.12.17/-ны өдөр иргэн Б-ийн цогцос олон тооны шархтай олдсон байдаг. Мөн энэхүү хэрэг явдлаас яг нэг жилийн дараа мөн Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны жалганд 2006 оны арваннэгдүгээр сарын 21 /2006.11.21/-ний өдөр иргэн О-г онц харгис хэрцгий аргаар хүчиндэж, амь насыг нь хохироосон хэргүүдийг удаа дараа ял шийтгүүлж байсан 53 настай Г.Эрдэнэбат гэгч үйлдсэн болохыг 18 жилийн дараа нөхөн илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан юм.
Тэгвэл тухайн этгээдэд холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх саяхан хэлэлцэж, шүүгдэгч Г.Эрдэнэбатад бүх насаар нь хорих ялыг оноосон байна.
Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйл /Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах/, мөн хуулийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/ 2.1. онц харгис хэрцгийгээр, 2.4. өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор, 2.6. хоёр, түүнээс олон хүнийг, 2.7. хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж гэсэн зүйл ангиар ялласан байна.
Цуврал аллага үйлдсэн хэргээр ял шийтгүүлсэн Г.Эрдэнэбат гэгч нь 2016 оны хоёрдугаар сард нэр бүхий арилжааны банканд ажиллаж байсан Н гэх эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь шуудайд хийж ажиллаж байсан гутал засварын газартаа нуусан хэрэгт холбогдож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, хүний амь хэрцгийгээр хөнөөсөн гэм буруутайд тооцон 25 жил хорих ял оноосон байжээ.