ХХҮЕГ-ын дарга З.Энхболд удирдлагын багийнхнаа “халамжилжээ”

0


“Татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй” гэдэг бил үү. ХНХ-ын сайд асан Х.Булгантуяа “15-64 насны нийт иргэдийн 67 хувь нь боломж л олдвол гадагшаа гарч ажиллах хүсэлтэй” гэж хэлж байв. Тэгвэл БШУ-ны сайдаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар сэлгэн томилогдоод буй Л.Энх-Амгалан “ажил эрхэлдэггүй, хүнсний талон авч амьдардаг 120 мянган хүн байгаа” гэж өнөөдөр хэлэв.

Энэ бүхэн бол хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төрийн бодлого хэрхэн хэрэгжиж ирсэн, бодлого хэрэгжүүлэгчид нь хэрхэн ажиллаж байгаагийн нэгээхэн жишээ. Гэтэл Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдлагууд талон авч амьдардаг 120 мянган иргэнтэй барьцсан уу, З.Энхболд даргын хайр бялхсан уу ямартаа ч төрийн захиргааны нийт алба хаагчдаа хавтгайруулан 110 сая төгрөгөөр халамжилсан нь Аудитын шалгалтаар илрүүлснийг олж харав.

Тодруулбал, “ХХҮЕГ-ын төрийн захиргааны нийт албан хаагчдыг 2023 оны эхний хагас жилд 90-99 хувь буюу “маш сайн” үнэлж 40,858.1 мянган төгрөг, сүүлийн хагас жилд нийт албан хаагчдыг 90.4-99 хувь буюу “маш сайн” үнэлгээгээр үнэлж 69,163.0 мянган төгрөг, нийт 110,021.2 мянган төгрөгийн үр дүнгийн урамшууллыг хавтгайруулан олгосон, сүүлийн хагас жилийн урамшууллыг олгохдоо Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолыг зөрчиж үндсэн цалингийн 100 хувиар тооцон 6,916.3 мянган төгрөгийг илүү олгосон байна.” гэж Аудит онцолжээ. Үүнээс гадна Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчин салбарын удирдах ажилтан, албан хаагч нарт сургалт хэлэлцүүлгийн арга хэмжээний зардалд 27 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.

Дээрх тоо их наядын хулгай сонссоор байгаад дөжирчихсөн иргэдэд бохьний мөнгө шиг санагдаж байж болох. Гэхдээ хулгай бол хулгай. Хууль зөрчсөн бол зөрчсөн. Хариуцлага ярих ёстой.

Ер нь бүхэлдээ ХХҮЕГ-ын санхүүгийн тайлан 1,3 тэрбум төгрөгийн зөрчилтэй гарсан. Аудитаар нийт 1,391.4 сая төгрөгийн 14 зөрчил илэрснээс, 224.8 сая төгрөгийн зөрчилд 5 албан шаардлага, 105.8 сая төгрөгийн 1 хариуцлага тооцох албан шаардлага хүргүүлж, 1,060.7 сая төгрөгийн зөрчилд 8 зөвлөмж өгсөн байна. Улмаар аудит муу дүн тавьж “Хязгаарлалттай” гэсэн үнэлгээг өгчээ.

Энэ байгууллага цаашид ашиглах боломжгүй болсон 2 тэрбум 23 сая төгрөгийн үнэтэй 13 төрлийн программ хангамжтай гэж байна. Мөн одоо ашиглаж байгаа 502 сая төгрөгийн үнэтэй 7 төрлийн программтай бололтой.

Гэтэл энэ байгууллагын үндсэн вэбсайт нь бүрэн ажиллахгүй. Идэвхитэй ажил хайгчид, энэ байгууллагаар зуучлуулж ажилд орсон хүмүүсийн тоо, идэвхитэй ажлын байрны тоо гээд наад захын мэдээлэл нь ч байхгүй байна.  Улсаараа цахим үндэстэн болъё гээд ерөнхий сайд дэвээд байдаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудынх нь төрх ийм л байна.

Эх сурвалж:Newspress.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *