Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа Баян-Өлгий аймгаас эхэллээ

0

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийн иргэдтэй уулзах уулзалтаа Баян-Өлгий аймгаас эхэллээ.

Баян-Өлгий аймгийн иргэдтэй өнөөдөр (2024.09.21) уулзаж, 126 гишүүнтэй шинэ парламентын ирэх жилүүдэд баримтлах стратеги төлөвлөгөө, хууль эрх зүйн шинэчлэл болон бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа. Шинэ парламентад Баян-Өлгий аймгийн төлөөлөл болох Т.Аубакир, Б.Бейсен, Х.Жангабыл, С.Замира, С.Зулпхар нар сонгогдон ажиллаж байна. Энэ бол нийгмийн олон төлөөлөл УИХ-д өөрсдийн дуу хоолойгоо хүргэн ажиллах том боломж гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын эхэнд онцоллоо.

УИХ-аас “Шинэ үеийн парламент 2.0 – Гурван төгөлдөршил”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнд:

1) Хүний эрхийг дээдлэсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлнэ;

2)  Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгоно;

3) Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болно.

Иргэд, олон нийтийн шаардлагад нийцсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлийг тус “Гурван төгөлдөршил” бий болгох юм. Ингэснээр аливаа хууль иргэдийнхээ эрхийг хангадаг, хүнээ дээдэлсэн байх боломж бүрдэнэ. Уг хууль эрх зүйн орчны шинэчлэлийг хийхээр УИХ-аас 54 ажлын хэсэг байгуулагдаад байна.

Баруун бүс нутгийн иргэд зах зээлдээ хүрэхийн тулд Улаанбаатар хот руу 1700 км, Замын-Үүд сум руу 2500 км зам туулж байна. Тэгвэл бүс нутгийнхаа онцлогт тулгуурлан хөгжих боломжийг бий болгохоор Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгов.

Баян-Өлгий аймгийн хувьд аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, боомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж чадсанаар дан ганц тус аймаг бус баруун бүсийн бусад аймгууд ч зах зээлд ойртож, Евразийг холбосон эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах боломжтой гэлээ.

УИХ-ын даргын зүгээс ирэх жилүүдэд Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдийг иргэдэд танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *