ГССҮТ-ИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭНИЙ СУВИЛАГЧ НАР БНХАУ-Д СУВИЛАХУЙН СУВИЛАГЧИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Н.Энхтуяа, Б.Бямбасүрэн нар БНХАУ-ын Ухань хотын “Тонжи” эмнэлгийн ДЭМБ-ын Сэргээн засах тусламж үйлчилгээний сургалт, судалгааны төвд “Сувилахуйн сувилагчийн эмнэлзүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх” дунд хугацааны сургалтад амжилттай хамрагдлаа.
Тус сургалтад ГССҮТ-өөс гадна АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь Анагаах ухааны сургууль, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Бяцхан тэмүүлэл” төвийн Сэргээн засах эмчилгээний сувилагч нар хамрагдсан бөгөөд нийт баг бүрэлдэхүүнийг Бие бялдар сэргээн засах судлалын монголын нийгэмлэг (ББСЗСМН)-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, НЭМ-УАУ-ны тэнхимийн багш Л.Ганчимэг ахалж явсан байна.
Сургалтаар “Тонжи” эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт тархины харвалттай эмчлүүлэгчдэд үзүүлэх сэргээн засах цогц тусламж үйлчилгээ, хөдөлгөөн засалд хиймэл оюун ухаан ашиглаж буй сайн туршлага, нугасны гэмтэлтэй эмчлүүлэгчдэд үзүүлэх нийгэм, хамт олонд түшиглэсэн цогц тусламж, эмнэлзүйн тохиолдлууд, дисфагийн алдагдлын үнэлгээ, өвөрмөц үнэлгээний аргачлал, залгиурын булчинг баллон катетраар тэлэх сувилахуйн гардан үйлдэл, хооллох арга техник, шингэний баланс хянах, сэргээн засах эмчилгээний менежмент, давсагны хэт авиан шинжилгээ, түр шээлгүүрийн талаарх онол, дадлага хосолсон олон талын мэдээллийг хүргэжээ.
Дашрамд дурдахад, бие даах чадвар алдагдсан өвчтөнүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, амьдралын чанарыг дээшлүүлэхэд эмчлүүлэгч болон асрамжлагч нарт өгөх эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын тогтолцоо, давтан үзлэг, олон мэргэжилтний багийн ажиллагаа, дэмжлэг чухал нөлөөтэй байдаг тул энэхүү сургалтаар дамжуулан сувилахуйн сувилагч нарын мэдлэг туршлагыг нэмж, чадавхжуулахыг зорьсон байна.