Байр суурь: Хөрөнгө оруулагчдыг дээрэмдэхээ зогсоох хэрэгтэй

0

Гадаадын хөрөнгө оруулалт татах, эдийн засгаа тэлэх нь Монголын үе, үеийн Засгийн газрын мөрөөдөл юм. Өнгөрсөн есдүгээр сард олон улсын “Fitch” агентлагаас Монгол Улсыг гадаад өрийн дарамтаа бууруулж, санхүү, төсвийн сахилга батыг сахихаас гадна валютын нөөцөө тогтмол нэмэгдүүлж, улс төрийн тогтвортой байдлыг бүрдүүлсэн зэрэг үзүүлэлтээр зээлжих зэрэглэлийг “B+ тогтвортой” түвшинд хүргэснээ зарласан. Зээлжих зэрэглэл өссөнөөр Тиймээс цаашид гадаадын хөрөнгө оруулалт татахад юун дээр анхаарах талаар эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.

“ТӨР ШИЙДВЭРЭЭСЭЭ ЭРГЭЖ БУЦАХ, ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДААС ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААХ ЗЭРЭГ АЛДАА ГАРГАЖ БАЙСАН НЬ ГОЛ АСУУДАЛ”

Эдийн засагч, доктор Ч.ХАШЧУЛУУН: 

-Өнгөрсөн арван жилд гадаадын хөрөнгө оруулалт дээр гаргасан алдаа нэлээд бий. Тухайлбал, төрийн бодлого. Нэгэнт гаргасан шийдвэрээсээ эргэж буцах, гэрээгээ байгуулахын даваан дээр түүнийг болиулах тохиолдол олон гарч байсан. ТЭЦ V цахилгаан станцын гэрээ бэлэн болчихсон байхад гарын үсгээ зурахгүй байсаар бид өнөөдөр ямар хэмжээний эрчим хүч, дулааны хомсдол орж байгаа билээ. Гэтэл түүнийг барихаар бэлдэж байсан гадаадын компани нь 10 гаруй жил Монголын төртэй хөөцөлдөж байсан жишээ бий. Эдгээр мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагчид маш сайн олж хардаг, мэддэг.  Хоорондоо ч хөрөнгө оруулагчид мэдээллээ солилцдог. Тэр утгаараа Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулалт тал дээр тийм ч таатай улс биш гэж үздэг.

Бид эргээд гадаадын хөрөнгө оруулалтыг татах, энэ чиглэлд нэр төрөө сэргээхэд багагүй хугацаа шаардах байх.

Өмнө нь байгуулсан гэрээнүүдээ чанд биелүүлэх, хөрөнгө оруулалтын орчин тухайлбал, улс төр, татвар зэрэг гэнэтийн шийдвэр гаргаж, дураараа өөрчлөхгүй байх, төрийн оролцоог аль болох боломжит хэмжээнд хязгаарлах зэрэг дээр анхаарч ажиллаж байж хэдэн жилийн дараа гадаадын хөрөнгө оруулагчид хамтарч ажиллах боломжтой. Ингэж байж Монголыг гадаадын хөрөнгө оруулагчид анхаарч, гэнэтийн шийдвэрээр гэрээ нь цуцлагдах, хойшлогдох, хугацаа алдах эрсдэлгүй гэж үзэж сонирхож эхэлнэ.

Монголд Хөрөнгө оруулалтын тухай хууль асуудалгүй эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа. Гол нь  улс төрийн гэнэтийн шийдвэрүүд, цар тахал зэрэг давагдашгүй хүчин зүйл, сайд нь солигдох зэрэг тохиолдлоос гадаадын хөрөнгө оруулалт саатаж болохгүй.

Гадаадын улс Засгийн газартай гэрээ байгуулж байна, Монголд хөрөнгө оруулж байна. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагчдаас мөнгө нэхдэг, буруутгаж хөрөнгийг нь хүртэл хурааж авах тохиолдол гарч байсан. Энэ бол анхаарах жинхэнэ асуудал. Түүнээс хууль, эрх зүйн талаас Монгол Улс дандаа л хөрөнгө оруулагчдыг дэмжсэн, их таатай орчинтой харагдаж байгаа. Бодит байдал дээр өмнө гаргаж байсан алдаанууд нь гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж байгаа гол шалтгаан юм.

“ЭРЧИМ ХҮЧНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ, ТЭЭВЭР ЛОГИСТИК ЗЭРЭГ 2 ТОМ ХҮЧИН ЗҮЙЛД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ”

Эдийн засагч Б.ДӨЛГӨӨН:

–Эдийн засгийг тэлэхэд хөрөнгө оруулалт маш чухал. Гадаадын хөрөнгө оруулалт татахад хязгаарлагч хүчин зүйл олон байна. Хязгаарлагч хүчин зүйлсээс хоёр голыг дурдахад эрчим хүчний нийлүүлэлт, тээвэр логистик. Нэгдүгээрт, эрчим хүчний тухайд цахилгаан, дулааны нийлүүлэлт. Дулаан бол илүү дутагдалтай байгаа. Цахилгаан ч мөн ялгаагүй. Хоёрдугаарт, тээвэр логистик. Эдгээрийг шийдвэрлэхээр Шинэ сэргэлтийн бодлогыг 2021 онд боловсруулсан. 2022, 2023 оноос бодлогууд хэрэгжиж эхэлж, томоохон хүчин чадал бүхий цахилгаан нийлүүлэлтүүд хийгдэж эхэлсэн. Тэгэхгүй бол аж ахуй нэгжүүд хүчин чадлаа нэмэгдүүлье, илүү өндөр мВт-д холбогдъё гэхээр холбож өгч чадахгүйд хүрээд байгаа.

Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг зөвхөн уул уурхай биш. Аж ахуй нэгжүүд үйлдвэр баръя гэхээр цахилгаангүй тохиолдолд барих боломжгүй. Тиймээс тулгамдаад байгаа гол асуудлуудаа яаралтай шийдвэрлэх шаардлагатай.

Тээвэр ложистикийн хувьд ямар асуудал үүсээд байна гэхээр хамгийн хямдаар тээвэрлэх тээврийн үнэ, хугацаа. Ганц үнэ ч биш хугацаанаас хамаарч байгаа нь асуудал гэсэн үг. Боомтын гацааг ер нь бол шийдсэн. Одоо дийлэнхдээ төмөр замын асуудлууд үлдээд байгаа. Замын-Үүд Алтанбулаг хоёрыг холбосон замыг хос болгох ёстой. Хоёр дахь нь нүүрсний экспорт хийж байгаа боомтуудын төмөр замыг урьд хөрштэй холбох асуудал юм.

“ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИН ТОДОРХОЙ БАЙХ, УЛС ТӨР ТОГТВОРТОЙ БАЙХ НЬ ЧУХАЛ”

ЭДИЙН ЗАСАГЧ Б.СОСОРБАРАМ:

-Нэгдүгээрт, макро орчны тогтвортой байдал. Хоёрдугаарт, хууль эрх зүйн орчин тодорхой байх ёстой. Гуравдугаарт, татварын бодлого гадаадын хөрөнгө оруулагчдад таатай, ойлгомжтой байх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, дэд бүтцийн асуудлууд шийдэгдсэн байх шаардлагатай. Дэд бүтэж гэдэгт эрчим хүч, зам, бусад дэд бүтцийн асуудлууд хамаарч байгаа. Эдгээр дурдсан хүчин зүйлс шийдэгдсэн тохиолдолд гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэх боломжтой.

Эрх зүйн орчны тухайд мөн л хэд хэдэн зүйлийг анхаарах нь зүйтэй. Тухайлбал, Засгийн газар тогтвортой байх, улс төр тогтвортой байх. Үүний дараагаар Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад дагалдах хуулиуд маш тодорхой байх шаардлагатай.

Харин дэд бүтцийн хувьд хамгийн асуудалтай нь эрчим хүч, тээвэр логистик. Аль салбарт гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах вэ? гэдгээс хамаарч дэд бүтцийн хувьд шийдвэрлэх асуудал янз бүр. Жишээлбэл, уул уурхайн салбар дээр авч үзвэл хилийн боомтууд байна. Боомтын үйл ажиллагаа хурдан, тасралтгүй, доголдол үүсэхгүй байх чухал. Мөн дээр нь нэмээд тээвэрлэлт хатуу хучилттай замаар гарах уу, төмөр замаар явах уу гэх мэт асуудлыг цэгцлэх ёстой.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *