Ч.Лодойсамбуу: Монголын төр одоо хүнсний салбараа татан унагах гэж байна

0

УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр цаг сунган, 23 цаг хүртэл хуралдсан. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголын төр хүнсний үйлдвэрлэлээ татан унагах гэж байна гэсэн байр суурь илэрхийлэв.Тэрээр “Манай улсын төсвийн нийт орлого татвар төлөгчдийнхөө нуруун дээр явж байдаг гэдэг нь хилсдэхгүй. Жил бүхэн бид Топ 100 аж ахуйн нэгж шалгаруулаад Төрийн ордонд уриад, шагнадаг. Нөгөө гараараа бид дандаа бизнес эрхлэгчид, татвар төлөгчидөө хөшиглөж унагаадаг ажлыг сүүлийн үеийн Засгийн газар, УИХ-ууд хийдэг болсон. Монгол Улс Евро Азийн эдийн засгийн холбоонд нэгдсэн. Холбоонд байсан Зөвлөлтийн харъяанд байсан хэдэн орнуудтай худалдааны гэрээ байгуулаад ойролцоогоор 1000 орчим бүтээгдэхүүнийг татваргүйгээр импортлох хэлэлцээрийг энэ сардаа багтаад хийх гэж байгаа гэж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар цементийн үйлдвэрүүд дээр яг ийм ажил хийсэн. Хэдэн жилийн өмнө бид дотооддоо цемент үйлдвэрлэдэг болохгүй бол урд хөршөөс худалдаж авдаг, үнийн дарамтад орчихсон байна гэж ярьж байсан. Тэгээд төр нь бодлогоор цементийн үйлдвэрүүдээ босгож ирсэн. Гэтэл дараа нь үүний өмнөх Засгийн газар импортын цементийн гаалийн татварыг хөнгөлөөд дотоодын үйлдвэрүүдээ дампууруулсан. Дараа нь гурилын үйлдвэр. Одоо хүнсний салбар руугаа явж орж байгаа юм байна. Гаалийн татваргүй хүнсний бүтээгдэхүүнийг оруулж ирнэ гэж байна.Монгол Улс үеийн үед хоёр нүүр гаргаж ирсэн. Нэг бол чөлөөт эдийн засагтай, ардчилсан орон гээд ардчилсан нүүрээ үзүүлээд бизнес эрхлэгчдээ дэмжинэ гэдэг. Нөгөө талд эсрэгээрээ татан сунгаж, даран унагаадаг. Энэ хэлэлцээр яг болох гэж байгаа юу, Эдийн засаг хөгжлийн сайд аа. Манайхан яг юу зарах гээд, нөгөө талаас юу худалдаж авах гээд энэ хэлэлцээрийг хийх гэж байгаа вэ. УИХ-ын гишүүд энэ талаар мэдээллийг хэзээ олж авах вэ. Хэвлэлээс мэдэж аваад сайд нараас өрөө өрөөгөөр нь орж мэдээлэл олж авлаа” гэсэн юм.Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр: Ер нь бол Монгол төрийн ой санамж гэж юм байдаг. Бид 2050 он хүртэл хөгжлийн хөтөлбөр, хуулиа баталчихсан. Энэ хүрээнд 2023 оныг Шинэ сэргэлтийн жил гэж зарласан байдаг. Энэ хүрээнд экспортыг нэмэгдүүлнэ гэсэн бодлого гаргасан. Хоёр хөршдөө бид бараг эдийн засгийн хоригт орсон байна гэдгийг Засгийн газар мэдэгдсэн. Ер нь хоригт байгаа. Яагаад гэхээр маш өндөр татварыг Монгол Улсад өгсөн. 3.5 сая хүнтэй зах зээлээ хамгаалахын төлөө байх уу, олон сая хүнтэй зах зээл рүү гарахын төлөө байх уу гэдэг итгэл үнэмшлийн тухай яригдсан юм билээ. Ингээд 300 сая хүнтэй зах зээл рүү гаръя гэдэг сонголтыг хийсэн. Хэлэлцээр өнгөрсөн хоёр жил явагдсан. Таван удаагийн хэлэлцээр хийсэн байх. Одоо эцсийн шатандаа орсон.   Дашрамд дуулгахад, Евразийн эдийн засгийн холбоо буюу зүүн Европ, төв ба баруун Ази тивийн эдийн засгийн хамтын ажиллагааны тус байгууллага нь 2014 онд ОХУ, Казахстан болон Беларусийн төрийн тэргүүн нарын санаачилгаар байгуулагдсан түүхтэй. Өнөөдрийн байдлаар Евразийн эдийн засгийн холбоо ОХУ, Казахстан, Беларусь, Армени болон Киргизстан гэх хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтийн тэнгисийн таван орны гишүүнчлэлээс бүрддэг. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 2020 онд тус холбоог даргалсан бол 2021 онд Казахстаны Ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев, 2022 онд Киргизстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков, 2023 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар тус тус даргажээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *