Г.Дамдинням: ХААХҮ-ийн яам сайдаа дагаад л Дархан явчихсан шүү дээ
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас ирэх оны төсвийн тухай болон ХААХҮ-ийн яамыг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зарим асуудлыг тодрууллаа.
Тэрбээр, “Урсгал зардал дээр байгаа гол зардлууд нь хуулиар зохицуулалттай. Тухайлбал зэвсэгт хүчнийхэн, Онцгой байдлын албаныхан, хилчид зэрэг алс хол нөхцөлд очиж ажилладаг хүмүүст нэмэлт цалин, урамшуулал олгох нь зүй ёсны асуудал. Шинээр баталсан мөрдөгдөж эхлээгүй байгаа хуулиуд дээр ч энэ асуудал яригдахаас өөр аргагүй. Тухайлбал Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуульд яригдаж байсан 18 тэрбумын ваучер нь хуулийн заалттай шүү дээ. Үүнийг хэрвээ оруулж ирэхгүй гэж үзэж байгаа бол хууль биелүүлэх хүрээнд зүйл заалтыг нь хүчингүй болгох тухай асуудал яригдах ёстой. Мөн кино урлагийг дэмжих сантай холбоотой асуудал ч яригдана. Энэ мэтчилэн 60 гаруй тусгай зориулалт байдаг.
Мөн Улаанбаатарын түгжрэлийг бууруулахын тулд Дархан, Орхон, Төв аймгийг хөгжүүлж, хүн амьдрах орчныг бүрдүүлэх ёстой. Жишээ нь Дархан-Уул аймаг сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээг сайжруулсан учраас хүн ам шилжин суурьших хөдөлгөөн эрчимтэй явагдаж байна. Түүнчлэн миний сонссон мэдээллээр ХААХҮ-ийн яамны ажилчдын 70 орчим хувь нь яамнаасаа гараад өөр алба руу шилжсэн гэсэн” гэлээ.