Төсөвт байгууллагын зарим зардлыг 10-100 хувь бууруулахаар төсвийг өргөн барилаа
Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2024.12.05/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 27 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах нь зүйтэй гэж үзэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьж, УИХ уг хоригийг хүлээн авч, хуулийг хүчингүй болгосон. Төсвийг алдагдалгүй батлах хүрээнд төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 2.4 хувьтай тэнцэх дүнгээр бууруулах, төсвийн зарлагыг бууруулсантай холбогдуулан төсвийн орлогыг 395 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 0.4 хувьтай тэнцэх дүнгээр бууруулах шаардлага үүссэн тул хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Мөн хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2025 онд ДНБ-ий 3.5 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай, 2026-2027 онд ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байхаар тооцож тусгасныг дурдаад төсвийн хүрээний мэдэгдэлд 2025 оны жилийн дундаж инфляцыг 7.5 хувь гэж тооцож байсан бол төсвийн зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж байгаатай уялдуулан 2025 оны дундаж инфляцыг өмнөх төсөөллөөс 0.3 нэгж хувиар бууруулж 7.2 хувь байхаар хуулийн төсөлд тусгасан гэв.
Төсвийн зардал буурснаар эрэлтээс үүдэлтэй инфляц өсөх дарамт буурч, мөнгөний бодлогын орон зай нэмэгдэхээр байгаа хэдий ч геополитикийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, тээвэр логистикийн саатлаас үүдэн импортын инфляц нэмэгдэх эрсдэлүүд хэвээр байгааг Тэргүүн шадар сайд онцлон тэмдэглэв.
Мөн Улсын Их Хурлаас баталсан Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 2025 оны эдийн засгийн өсөлтийг найман хувьд хүргэх зорилт тавьсан учир төсвийн хүрээний мэдэгдэл дэх ДНБ-ий төсөөллийг өөрчлөхгүй хэвээр хадгалсан гэлээ.
Төсвийн зардлыг бууруулж байгаа нь зарим салбаруудын өсөлтийг хязгаарлах хэдий ч бид зарим хүчин зүйлсийн нөлөөгөөр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгасан найман хувийн эдийн засгийн өсөлтийг хангах боломжтой гэж үзэж байна. Энэ онд үйлдвэрлэлийн зориулалттай машин, тоног төхөөрөмж, ачаа тээврийн хэрэгслийн импорт өмнөх оноос 34 хувиар өсөж, 2.9 тэрбум ам.доллар буюу нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний 15 орчим хувьд хүрсэн нь цаашдын эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр байна. Экспортын хувьд энэ онд 78 сая тонн нүүрс, экспортлохоор төлөвлөсөн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нүүрсний экспорт 78 сая тоннд хүрээд байна. Цаашид экспорт энэ хурдаар он дуустал үргэлжлэхэд нүүрсний экспорт 2024 онд 83-84 сая тоннд хүрч, төлөвлөгөөнөөс 6-7 хувиар давж биелэхээр байна. Ирэх 2025 онд бид 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсан бөгөөд төлөвлөгөөг мөн давуулан биелүүлэх бүрэн боломжтой гэв.
Мөн зэсийн баяжмалын экспорт өнөөдрийн байдлаар өмнөх оны мөн үеэс ес орчим хувиар өндөр байна. Уул уурхайн салбар энэ оны эхний гурван улирлын байдлаар 11.4 хувиар өсөөд байна. Энэ онд уул уурхайн салбарт ашиглагддаг хүнд машин механизмуудын импорт өмнөх оноос хоёр дахин, ачааны тээврийн хэрэгсэл 85 хувиар тус тус өссөн зэрэг нөлөөгөөр 2025 онд уул уурхай болон тээврийн салбарын өсөлт өндөр байхаар байна. Худалдаа, үйлчилгээний салбар 2024 оны эхний гурван улиралд 8.8 хувиар өслөө. Тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжийн тоо 6.2 хувиар, хөдөлмөр эрхлэлт 13 хувиар, зээл олголт 47 хувиар тус тус өссөн нь ирэх онд үйлчилгээний салбарын өсөлт тогтвортой хадгалагдах нөхцөлийг бүрдүүлж байгааг Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцолсон.
Эрчим хүчний салбар энэ оны эхний гурван улиралд 5.2 хувиар өслөө. Тус салбарт хэрэгжиж байгаа Бөөрөлжүүт, Чойбалсангийн станц, Багануурын батарей хуримтлуурын бүтээн байгуулалтууд нийт эдийн засгийн хүчин чадлыг дэмжинэ гэж тооцож байна. Мөн эрчим хүчний либералчлалыг цогцоор нь алгуурлалгүй хэрэгжүүлснээр тус салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэх үндэс болно. Хөдөө аж ахуйн салбар байгаль, цаг уурын нөлөөгөөр 2023 онд 8.9 хувиар, 2024 оны эхний гурван улиралд 25 хувиар дараалан унасан бөгөөд тус салбар 2025 оноос сэргэж эхлэх төлөвтэй байна. Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийг гаалийн татвараас хөнгөлсний үр дүнд хүнсний үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмжийн импорт энэ онд 56 хувиар нэмэгдсэн. Тоног төхөөрөмжийн импортын өсөлт болон хөдөө аж ахуйн салбарын сэргэлт нь цаашид боловсруулах салбарын өсөлтийг дэмжихээр байгааг Л.Гантөмөр сайд танилцуулгадаа дурдлаа.
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням танилцуулав.
Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэлээ.
Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, С.Эрдэнэбат, П.Сайнзориг, Х.Ганхуяг, Г.Дамдинням, М.Мандхай, Э.Болормаа, Ж.Баярмаа, Д.Үүрийнтуяа, Да.Цогтбаатар, Б.Батбаатар, Б.Жаргалан, Б.Заяабал нар асуулт асууж, хариулт авсан.
Гишүүдийн зүгээс төсвийн орлогын 95 хувийг бүрдүүлж байгаа татварын ачааллыг багасгахад төрийн өмчит аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх, хувьчлах, олон нийтийн өмчит болгох асуудалд ямар бодлого баримталж буйг лавлав. Мөн Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө, төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн уялдааг хангасан эсэх, төсөлд тусгасан эдийн засгийн өсөлтийг найман хувьд хүргэх зорилт бодитой эсэх, 2025, 2026, 2027 оны төсвийг алдагдалгүй байхаар тооцоолсон шалтгааны талаар илүүтэй тодруулж байлаа.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.
Улсын Их Хурал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэлэлцэн баталсан боловч Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад зах зээлийн тогтворгүй байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэн 2025 оны төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай гэсэн үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Улмаар Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авч “алдагдалгүй төсөв батлах” чиглэл өгсний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг шинэчлэн боловсруулж, дахин өргөн барьж байгааг Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцлоод төсвийн төсөлд урсгал зардлыг бууруулахад баримталсан зарчмаа танилцууллаа.
1/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамжийн сангаас олгох хүүхдийн мөнгөн тэтгэмж, халамжийн тэтгэвэр, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, асаргааны тэтгэмж, түүнчлэн төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэвэрт гарахад нэг удаа олгох тэтгэмж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмж, зээлийн үйлчилгээний төлбөр, мөн хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хорооноос төсвийг нь хянаж жилийн төсөвт тусгуулахаар ирүүлсэн шүүхийн байгууллагууд болон Хүний эрхийн үндэсний комисс зэрэг байгууллагуудын урсгал зардлыг тус тус бууруулаагүй гэв.
Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр хариултдаа, татварын орлогын тооцоололд хувийн хэвшлээс гадна төрийн өмчит компаниудыг хамруулж байгаа бөгөөд улмаар “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэрэг нь татварын хамгийн томоохон орлого бүрдүүлэгчид. Харин бид төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг хэлэлцэхдээ эдийн засаг дахь төрийн өмчит компаниудын оролцоог багасгаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх талаар ярилцсан. Иймд цаашдаа Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөнийхөө үндсэн чиглэлд туссан улсын үйлдвэрийн газруудын үр ашгийн тооцоог богино хугацаанд хийж, хамгийн ашигтай компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, зардлыг багасгах, үр ашгийг нэмэгдүүлэх, олон нийтийн хяналтыг бий болгох ажлыг хийж байна. Харин ашиггүй байгаа төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг зогсооно. Ер нь Засгийн газрын хэмжээнд төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, менежментийг сайжруулах ажил хийж байна гэсэн тайлбарыг өгөв.
Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг дараах байдлаар 10-100 хувь бууруулна:
а/салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг 100 хувь бууруулна.
б/соёлын эрхийн бичиг, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Кино урлагийг дэмжих сан, засаг захиргааны нэгж, төрийн захиргааны байгууллагыг үр дүнгээр шагнах, урамшуулах, идэвхтэй амьдралын хэвшлийг дэмжих болон эрүүл идэвхтэй амьдрал хөтөлбөрийн зардлыг 100 хувь бууруулна.
в/эрүүл мэнд болон тусгай чиг үүргийн байгууллагаас бусад бүх байгууллагын тээвэр шатахууны зардал, төрийн өндөр дээд айлчлал болон гадны өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолтын болон зочин төлөөлөгч хүлээн авах зардал, эрүүл мэнд, боловсрол, батлан хамгаалах, гадаад харилцаа, хууль зүй, дотоод хэргийн салбараас бусад салбарын дадлага, бэлтгэл сургуулилт хийх зардал, бүх шатны төсвийн байгууллагын дотоод албан томилолт, бичиг хэргийн зардал, багаж техник хэрэгсэл худалдан авах зардлыг тус тус 50 хувиар бууруулна.
г/дээр дурдсан 50-100 хувь бууруулах зардлуудаас гадна байр ашиглалтын зардал, хангамж, бараа материал, нормативт эм бэлдмэл, нормын хувцас, хоол, урсгал засвар, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад олгох татаас, шилжүүлэг, эргэж төлөгдөх зээл, бараа үйлчилгээний бусад зардал, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх арга хэмжээ, боловсролын тэтгэлэг, авто зам, гүүрэн байгууламжийн засвар, ашиглалтын зардлыг 10 хувиар тус тус бууруулахыг Л.Гантөмөр сайд онцлов.
Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээлийн ашиглалтыг төлөвлөхөд баримталсан зарчмаа танилцуулсан.
Нэг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн төслүүдийг дуусгана.
1/Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнээс гэрээ байгуулсан, ажлыг эхлүүлсэн 512 төсөл, арга хэмжээний 2025 онд санхүүжих дүнг бууруулаагүй буюу 2,080.7 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд тусгасан.
Хоёр.Гэрээ байгуулаагүй, ажил эхлээгүй улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг эрэмбэлж, хойшлуулна.
1/Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлж эхлүүлэхээр батлагдан ирэх онд үргэлжлэн хэрэгжих боловч 2024 оны 12 дугаар сарын 02-ны байдлаар гэрээ байгуулаагүй 32 төсөл, арга хэмжээний 2025 онд санхүүжих 117.8 тэрбум төгрөгийг хойшлуулсан.
2/Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийн хүрээнд 38 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг дахин эрэмбэлж бүс нутагт нэн тэргүүний, богино хугацаанд хэрэгжих боломжтой, дараа онуудад төсөвт ачаалал бага үүсгэх төслүүдийг 2025 онд хэрэгжүүлэхээр 29 төсөл, арга хэмжээнд 497.0 тэрбум төгрөгийг тусгасан.
Гурав.Зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг бууруулна.
1/Зарим их засвар, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах найман төсөл, арга хэмжээний 2025 онд санхүүжих дүнг 62.1 тэрбум төгрөгөөр бууруулсан.
2/Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх, иргэдийг төрийн үйл ажиллагаагаар хэвийн хангахад шаардлагатай тоног төхөөрөмж болон шинээр ашиглалтад орж буй сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн салбарын барилгуудын тоног төхөөрөмжийн зардлыг 2025 оны төсвийн төсөлд анх төлөвлөж өргөн барьсан хэмжээнээс 20 хувь бууруулсан.
Дөрөв.Хэлэлцээрийн шатанд байгаа төслийг хойшлуулна.
1/Үндэсний хиймэл дагуулын төсөл хэлэлцээрийн шатанд байгаатай холбогдуулан 2025 оны зээлийн ашиглалт 211.6 тэрбум төгрөг, зарим зээлийн төслүүдийн санхүүжилтийг 300.0 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, нийтдээ 511.6 тэрбум төгрөгийн зээлийн ашиглалтыг төсвийн төсөлд буурууллаа. Мөн тус зээлийн ашиглалттай холбоотой Монголын талын санхүүжилтийг бууруулах зарчим баримталлаа.
Тав. “Хавдар судлалын Үндэсний төв-II” хөрөнгө оруулалтыг нэмж тусгана.
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулиар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр “Хавдар судлалын Үндэсний төв-II барилга” төсөл, арга хэмжээ тусгагдсан боловч газрын асуудлыг бүрэн шийдвэрлэгдээгүйгээс тендер шалгаруулалт зарлаагүй хасагдсан. Төслийн газрын асуудлыг шийдвэрлэгдсэн бөгөөд хавдрын эрт илрүүлэг, оношилгоог сайжруулах, хавдрын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой, нийгмийн үр ашигтай учир төслийн төсөвт өртөг 10.0 тэрбум, санхүүжих дүнг 5 тэрбум төгрөгөөр төсвийн төсөлд тусгалаа. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн одоогийн барилга нь 1981 онд баригдсан бөгөөд урсгал засвар зайлшгүй хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор их засвар, шинэчлэлтэд 5.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2.9 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төсвийн төсөлд шинээр тусгасан гэдгийг Тэргүүн шадар сайд танилцуулгадаа онцолсон юм.
Мөн нэгдсэн төсвийн нийт орлогыг төсвийн хөрөнгө оруулалт, зарлагын бууралттай холбогдуулан 394.8 тэрбум төгрөгөөр буурахаар тооцлоо. Үүнд, гаалийн орлого 174.0 тэрбум, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн орлого 25.0 тэрбум, дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 112.3 тэрбум, хувь хүний орлогын албан татварын орлого 21.1 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 50.3 тэрбум, бусад орлого 12.0 тэрбум төгрөгөөр тус тус буурахаар байна. Ингэснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай болохоор байна гэлээ.