Д.Батбаяр: Хууль батлах замаар төрийн байгууллагын орон тоог тэлж, ТӨСӨВ ТОМРОХ орон зайг үүсгэж байна

0

УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Батбаяртай ярилцлаа.

“2023, 2024 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛЭЭР ОЛОН САЙД ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЗАРЦУУЛАЛТ ХИЙСЭН”

-Төсвийн зарлагын хяналтын дэд хороо байгуулагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Хороо өнгөрсөн хугацаанд төсөв тойрсон ямар асуудлуудад төвлөрч ажиллав гэдгээс яриагаа эхэлье?

-Товчхондоо бүх зүйл 126 гишүүнтэй болсноос л эхэлсэн. Олон гишүүд байх тусам төсөвт илүү их ач холбогдол өгч олон нийтийн анхааралд оруулж чадсанаараа энэ парламентын нэг давуу тал. Төсвийн зарлагын хяналтын дэд хороо маань Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулагдсан. Даргын хувьд дээрх байнгын хороонд харьяалагддаг цөөнхийн бүлгийн гишүүдээс томилогддог онцлогтой.

Дэд хороо 2024 оны төсөвт тодотгол хийхийн өмнөх нь байгуулагдсан. Зарлагын хяналтын дэд хороо ямар үүрэгтэй юм бэ гэж та асуулаа. УИХ Сангийн яамнаас тооцоолж гаргаж ирсэн төсвийг баталдаг. Батлагдсан төсөв тухайн жилийн явцдаа Аудитаар орж тайлан гардаг. Мөн Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс тодорхой санал, зөвлөмжүүдийг гаргадаг. Энэ процессоор бид ирэх жилийнхээ төсвийг хэлэлцэхээс өмнө өмнөх жилийнхээ төсвийн гүйцэтгэл, мэргэжлийн байгууллагуудын санал, зөвлөмжүүдийн хэрэгжилтийг дүгнэж хэлэлцэх ёстой болдог.

Яг үүн шиг бид өмнөх онуудад батлагдсан төсвийн зарцуулалтын тайланг хянаж, хэлэлцдэг. Мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, шаардлагын хэрэгжилтийг хангуулах чиглэлд ажилладаг гэсэн үг.

-Ирэх оны улсын төсвийн төсөл байнгын хороодоор хэлэлцэгдэж эхэлсэн цагаас л багагүй шүүмжлэл дагуулсан. Төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 1.9 их наяд байхаар тооцоолсон байсан шүү дээ.Зарлагын дэд хороо үүнд хэрхэн анхаарав? Та бүхэн ЗГ-аас оруулж ирсэн төслийн зардлыг хэрхэн бууруулах боломжтой гэж дүгнэсэн байдаг вэ?

-Зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд ҮАГ-аас өгсөн зөвлөмж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан санал, зөвлөмж зэргийг авч хэлэлцэж, алдагдалгүй төсөв батлах шаардлагатай гэсэн саналаа УИХ, Байнгын хороонд гаргаж өгч байсан. Тухайлбал, соёлын яамны 18.3 тэрбум төгрөгийн ваучерын зардал, мөн гаднаас авах зээл, тусламжийн асуудалд танах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байсан.

Яг өнөөдөр бид зөвхөн ирэх оны төсөвтөө л анхаарч байна. Гэтэл өнгөрсөн 2023, 2024 онуудад төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл, арга хэмжээнүүдийн гүйцэтгэл, төсвийн ерөнхийлөн захирагч нартай холбоотой зөрчлийн асуудлыг огт хөндөхгүй байгаа. Өнөөдөр шуураад батлаад л өнгөрдөг. Гэтэл зарцуулалт дээр нь хяналт огт байхгүй байна.

Жишээ нь, 2023 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтээр нэлээд хэдэн төсвийн ерөнхийлөн захирагч нар зөрчилтэй байсан.

“ОЛИМП, БИЕИЙН ТАМИРЫН ҮНДЭСНИЙ ХОРООНД 48 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АКТ ТАВИГДСАН Ч ХАРИУЦАХ ЭЗЭНГҮЙ БОЛСОН”

-Тухайлбал, аль яамдууд дээр ийм асуудал үүссэн байсан бэ?

– Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, ЭМДС, НДС гэх зэрэг газрууд зөрчилтэй байсан. Тухайн асуудлыг Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хэлэлцсэн. Тухайлбал, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо л гэхэд 48 тэрбум төгрөгийн акт тавиулчихсан байсан. Даатгалын сан 110 гаруй тэрбум төгрөгийн акт тавиулсан байсан зэрэг асуудлууд бий. Энэ тухай 2024 оны төсөвт тодотгол хийх үед бид асуудал дэвшүүлж хэлж байсан ч олон нийтийн анхааралд орж чадаагүй юм.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс авхуулаад асуудал гарсан байсан төрийн өмчит компанийн төлөөллүүдийг дэд хорооны хуралд дуудаж тайлбар, мэдээлэл авч байсан боловч Төсвийн зарлагын дэд хорооноос гарсан шийдвэр, шаардлага биелэхгүй байгаад харамсаж байна.

Зарлагын дэд хороо холбогдох газруудаас зөрчлөө арилгасан эсэх тайлан мэдээллийг гаргаж өгөхийг шаардсан ч одоог хэр нь өгөөгүй. Баасан гарагт хуралдсан Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр зарлагын дэд хорооны байр суурийг илэрхийлж, шаардлагаа дахин тавьсан. Ярилцахаас яг өмнөх нь бичгээр хариу ирүүлсэн байна. Ойрын өдрүүдэд ирүүлсэн бичиг дээр ажиллаж, тодорхой мэдээллүүдийг олон нийтэд хүргэж ажиллахаар төлөвлөж байна.

Түрүүн дурдагдсан Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо л гэхэд 48 тэрбум төгрөгийн акт тавиулчихсан атал хариуцлага хэн хүлээх нь тодорхойгүй эзэнгүй хаягдчихсан. Товчхондоо яамгүй бүтэц байгуулаад, спортын сайдын багцад улсын төсвөөс олимпын жилийн бэлтгэл ажлыг хангах зэрэг ажлуудад нийт 110 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг юм билээ. Ерөнхийлөн захирагчид 48 тэрбум төгрөгийн зөрчил үүссэн нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон.Зөрчлийн дүгнэлтийг харвал худалдан авах ажиллагаанаас авхуулаад нягтлан бодох бүртгэлийн дүрэм зөрчсөн, баримтгүйгээр зарцуулчихсан зарцуулалт гээд олон зөрчил бий. Харамсалтай нь 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр бүтцийн өөрчлөлт яамдуудад хийгдсэнээр Үндэсний хороо байхгүй болоод өмнө нь байсан спортын сайд гэж байхгүй болчхож байгаа юм.

Тийм учраас спортын асуудал хариуцахаар болсон одоогийн яаманд асуулга тавьсан. Өмнө нь байсан спортын асуудал эрхэлсэн Үндэсний хороонд тавигдсан 48 тэрбум төгрөгийн акт тавигдсан асуудлыг хэн хариуцах ёстой, бүтцийн өөрчлөлтөөр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам руу шилжсэн хүмүүсээс хэн нь энэ асуудлыг тайлбарлаж, зөрчлийг арилгах вэ гэсэн асуулга тавьсан. Холбогдох яамнаас бидэнд тайлбар, мэдээллээ өгнө гэдгээ илэрхийлсэн байгаа.

“ӨНГӨРСӨН ОНД СОЁЛЫН ХУУЛИЙГ БАТЛАХДАА ОДООГИЙН 18.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ВАУЧЕРЫН ОРОН ЗАЙГ ГАРГАСАН БАЙСАН”

Танай дэд хороо их л чимээгүй ажиллаад байгаа юм шиг харагддаг. 2025 оны төсвийн 1.9 их наяд төгрөгийн алдагдлыг бууруулах ёстой гээд нэр бүхий гишүүд акц хүртэл хийсэн шүү дээ. Төсөв батлагдсан ч Ерөнхийлөгчийн хоригт орж дэг ч үгүй мухардалд орсон. Мэдээж хуулийн гаргалгаагаар Төсвийн хуульд нэмэлт оруулсны ар дээр ирэх оны төсвөө нэг удаагийн дэгээр хэлэлцэж буй. Төсвийн зарлагыг яавал олон нийтийн хяналтад оруулж, хулгайг зогсоох чиглэлд танай дэд хороо ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байна?

– Төсвийн зарлага жилээс жилд өсөөд байгаагийн нэг гол шалтгаан нь төрийн байгууллагуудын данхар бүтэц. Энэ дунд сургуулийн барилга ч гэсэн орно. Нэг хууль батлаад л төрийн өмчит компани, ААН-үүдэд орон тоо гаргаж ирээд байсан юм билээ.

Одоо нийтээрээ шүүмжлээд байгаа 18.3 тэрбум төгрөгийн ваучерын асуудлыг харахаар өнгөрсөн онд батлагдсан соёлын хуульдаа өнөөдрийн үүсээд байгаа төсвийн орон тоог бий болгочихсон л юм билээ. Тийм учраас ирэх оны төсвийн төслийг Сангийн яам оруулж ирэхдээ нэгэнт хуульд тусгачихсан төсөл, арга хэмжээний зардал учраас тусгаад л оруулж ирж байгаа юм.

Хэрэв Сангийн яам дээрх зардлыг хасаад төслөө хэлэлцүүлсэн бол хууль зөрчсөн үйлдэл болох байсан. Энэ мэт нэг хууль батлагдах бүрд орон тооны асуудал яригдаж, дагаад төсөв нь томордог үзэгдэл хэвийн болоод хэвшчихэж. Төсвийн зарлагын хяналтын дэд хороо төрийн байгууллагуудын бүтэц, орон тоо, зарлагын асуудлыг ажиллах хугацаандаа нэлээд анхаарч, хийдлийг арилгах талаас нь санал гаргаж, ажиллахаар зорьж байна.

Ярилцсанд баярлалаа

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *