ЕАЭЗХ-той чөлөөт худалдаа хийнэ гэх өнгөлөн далдлалтаар Оросын нөлөөллийг томруулах эрсдэл үүсгэх гэж байна
Монгол Улс Евроазийн Эдийн Засгийн Холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээ хийх асуудлыг яаравчлуулах тухай яриа улс төрийн түвшинд хөврөх болов. Оросын эдийн засгийн дотоод хямрал газар авч байх үед байгуулагдсан уг холбоо нь үндсэндээ гадаад бодлогын хувьд ОХУ-тай төдийлөн тэрсээд байдаггүй хуучны Зөвлөлтийн бүрэлдэхүүний улсуудын нэгдэл юм. Анх цомхон байгуулсан холбоогоо өргөжүүлж, хэд хэдэн улсыг нэмсэн бөгөөд Оросын хувьд худалдааны алдагдлаа бууруулахад хамгийн том боломжит талбар нь энэ холбоо болсон.
Оросын хэвлэлүүдэд оноос өмнө Монгол Улстай ЕАЭЗХ чөлөөт худалдааны гэрээгээ үзэглэнэ хэмээн бичжээ
11 дүгээр сарын 26-нд “Интерфакс”-ын мэдээлснээр ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Алексей Оверчук “Бид Монгол Улстай чөлөөт худалдааны бүсийн түр хэлэлцээ хийж, гэрээ байгуулахад тун ойрхон байна. Оноос өмнө амжуулна” гэсэн юм.
Казахстаны ерөнхийлөгч Токаев манайд айлчлахдаа “Транс-Каспийн олон улсын тээврийн маршрут”-ын (Дунд Коридор) хүрээнд хамтран ажиллах санал тавьсан нь манайхыг Оросын газар нутгаар дамжуулан далайд гарцтай болох боломжоор хангаж өгье гэсэн. Бараг ОХУ-тай өнөөдрийг хүртэл дипломат хамтын ажиллагаатай явж ирсэн үед ч гарч байгаагүй саналыг Казахстан тавьсан гэсэн үг. Бодит байдлаа харвал манай улс ОХУ-тай хийсэн гадаад худалдааны 1.4 тэрбум ам.долларын ердөө 70 сая ам.доллар нь л бид тус улс руу экспорт хийсэн дүн байхад Казахстантай 8 сарын дотор 83.9 сая ам.долларын худалдаа хийсэн байх жишээтэй.
Дэлхийн банкны албан ёсны мэдээллээр Казахстаны дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2023 онд 261.42 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь Казахстаны ДНБ-ий хэмжээ нь дэлхийн эдийн засгийн 0.25 хувь эзэлж буй дүн бөгөөд нэг хүнд ногдох хэмжээ 14 мянга 750 ам.доллар байна.Харин Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 5033 ам.доллар буюу 43 их наяд төгрөг.
Монголоос арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүнээр импортоо тэлье гэсэн бол манайх руу буцаагаад жимс, хүнсний ногоо зэрэг олон талт байдлаар чөлөөт худалдаа хийх санал гаргасан.
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ч мөн манайд айлчлах үедээ ЕАЭЗХ-г ярилцаад буцсан бөгөөд шууд байдлаар найр тавилгүй, Казахстанаар ивүүлж буй нь энэ. Ерөөсөө олон жилийн дараа, Токаев төрийн тэргүүнийхээ хувиар анхны айлчлал хийхдээ л Монгол Улсыг ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны гэрээг үзэглэнэ гээд тогтоолын төслөө бэлэн болгоод авчирснаас нь харагддаг.
Санаж байгаагаар, 2014 оноос Монгол Улс энэ холбооны ажиглагч орноор элссэн. Үүнээс хойш хэд хэдэн удаа ЕАЭЗХ болон манайхтай чөлөөт худалдааны гэрээ хийнэ гэж ярьсаар 2020 онд ажлын хэсэг байгуулж байв. Энэ үед Оросын эдийн засаг харьцангуй сэргэж, рублийн ханш ам.долларын эсрэг чангарч байсан үе. Ажил хэрэг болголгүй хойш татсаар энэ оны 8-р сард Путиныг ирэх үеэр Оросын талаас дахин хөндсөний араас Казахстаны ерөнхийлөгч албажуулж, улмаар энэ онд чөлөөт худалдааны хэлэлцээгээ он дуусахаас өмнө гүйцээхээр болжээ. Гэтэл өнөөдөр Оросын эдийн засаг ямар нөхцөлд байгаа билээ.
Евроазийн Эдийн Засгийн Холбооны голлох шийдвэр гаргагч нь ОХУ өөрөө
Өнөөдөр ОХУ-ын хувьд дайны эдийн засаг руу шилжиж, төсвийнхөө 70 гаруй хувийг зэр зэвсэг, цэрэг дайндаа зарцуулж буй бөгөөд цэргийн үйлдвэрлэлийг голчилж ингэснээр дотоодын үйлдвэрлэлийн салбар нь хүндхэн сорилттой тулгарч байна. Оросын Төв банк инфляцын өсөлтөө хязгаарлахын тулд бодлогын хүүгээ 16 хувь болгож нэмэгдүүлсэн. Гэвч хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол, үнийн огцом өсөлт тус улсад үргэлжилсэн хэвээр байна.
Европын холбоо руу нийлүүлдэг байгалийн хийн экспорт болон дотоодын үйлдвэрлэл нь ч буурсан. Мөн дайны нөхцөл байдлаас үүдэж нийгмийн уур амьсгал түгшүүртэй болсноор ажиллах хүчний хомсдол нь эдийн засгийн өсөлтийн нэгэн томоохон саад болж байна.
ОХУ Евроазийн Эдийн Засгийн Холбооныхоо голлох орон. Эдийн засгийн хамгийн том талбар гэдэг утгаараа холбооны шийдвэр гаргалтын түвшин бусад улс орнуудаас илүү бөгөөд гишүүн орнуудаасаа тэгш бус харилцааны шүүмжлэл ч багагүй авдаг. Эдийн засгийн бүтцийнхээ хувьд ч өөр өөр учраас Евроазийн Эдийн Засгийн Холбооны гишүүн орнууд яг ижил тэгш ашиг хүртдэг үү гэвэл үгүй.
Холбооны гишүүн орнууд геополитикийн хувьд олон талт байдлаар бие даасан, хараат бус шийдвэр гаргахад төвөгтэй нөхцөл үүсдэг. Мэдээж шууд утгаараа ОХУ-ын эдийн засгийг дэмжсэнээрээ Европын холбооны улсуудаас хориг арга хэмжээ авхуулахаас эхлээд сорилтуудтай тулгарсан хэвээр байгаа.
Тус холбооны өнөөг хэр шийдэгддэггүй томоохон маргаан бол худалдааны тариф, гаалийн тариф юм. Чөлөөт худалдаа нэрийдлээр Оросын тогтоосон тарифаар худалдаа хийх нь нэг талдаа эдийн засгийн өгөөж бус улс төрийн түвшний дарамт болж хувирдаг сул талтай. 2016 онд ОХУ тус холбооны гишүүн орнуудын дундах худалдааны гүйлгээний валютыг рубль болгох лобби оруулснаар өнөөдөр нийт худалдааны 80 хувийг рублиэр хийж байна. Яг энэ талаараа тухайн үед Оросын эрх бүхий албан тушаалтан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Доллар, еврогоор худалдааны төлбөрөө хийх нь барууныхны хараат байдлыг нэмэгдүүлж байна” гэсэн үг эргээд өнөөдөр тэднийг ч ороож буй. Өөрөөр хэлбэл хамтын эвсэл, холбоо, нэгдэлд нэг нь давамгайлах нь хүч тэнцвэргүй харилцаа.
Орос ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын дунд эрчим хүч, байгалийн баялгийн нөөцөөр хамгийн том нийлүүлэгч бөгөөд энэ нь гишүүн орнуудын харилцан худалдааг тогтвортой байлгахад гол үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Байгалийн хийг европын орнуудаас хэд дахин хямд үнээр гишүүн орнууд руугаа нийлүүлдэг ч зөрүүлээд худалдааны тарифаа өөрсдөө тогтоодог, төдийгүй хуучин зөвлөлтийн гишүүн орнуудын нэгдэл, сонирхлыг одоо ч хадгалч үлдэх амбицтай улс.
Евроазийн Эдийн Засгийн Холбооны гишүүн орнууд барууны нөлөөллийг бууруулах бодлого дор нэгддэг
Өчигдөрхөн Оросын нэг хэвлэл дээр гарсан “Евроази Өрнөдтэй өрсөлдөхөд бэлэн” гэх нийтлэлтэй таарав. Үүнд дурдсанаар “Евроазийн орон зайг тэлэх, өргөжүүлэх процесс 2024 онд ч үргэлжилж байна. Сүүлийн 10 орчим жилд Евроазийн орнуудын харилцаа улам өргөжих зуурт Өрнөдтэй улам харилцаа хүйтэрч байна. Геополитикийн зураглалаа харвал дэлхийн эдийн засагт шинэ чиг хандлага гарч буй нь Евроазийн улс орнуудын нөлөөлөл юм. Үүнд Орос, Хятад, Энэтхэг, Монгол хамгийн их нөлөө үзүүлж байна. Одоогийн геополитикийн бодлогодоо тэд барууны нөлөөг бууруулахын тулд байр сууриа бэхжүүлэх олон талт хувилбарыг судлаж байна. Иймд Евроазийн орон зайд стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх нь урт хугацаанд манай улсын үндэсний эрх ашгийг хамгаалах болно. Евроазийн орнуудын харилцааг шинэ түвшинд аваачих 21-р зууны эхний арван жил эхэлсэн. Хамтын ажиллагааны эхэнд тээврийн салбар, чөлөөт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд дэд бүтцийг сайжруулах томоохон төслүүд багтана.
Тухайлбал, Орос, Монгол, Хятадын гурван талт худалдаа сайжруулах эдийн засгийн коридор байгуулах юм. Татварын хөнгөлөлттэй бараа бүтээгдэхүүний худалдаа, үндэсний мөнгөн тэмдэгтээр харилцан төлбөр тооцоо хийхийг дэмжих.
Энэ талаар 2024 оны 11-р сард гурван улсын Ерөнхий сайд нар уулзалтаар хэлэлцсэн. Хятад руу нийлүүлэх хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд “Сибирийн хүч-2” төслийг үргэлжлүүлж, Монголын нутаг дэвсгэрээр дайруулах, үүний дэд бүтцийг хөгжүүлэх сонирхол ч тус улсад бий. Монголын төмөр замын дэд бүтцийн хөгжил муу байгаа нь улс орны эдийн засгийн хөгжилтэй ч холбоотой. Иймд сайжруулхын тулд Орос-Монгол-Хятадын коридорыг хөгжүүлэх нь хамгийн чухал ажил юм” хэмээн бичсэн байв.
Монголд өнөөдөр дотоодын томоохон үйлдвэрлэгчдийн орон зайг шахах чанаргүй, хямд бараа бүтээгдэхүүний урсгал түрээд ороод ирвэл бид өөрсдөө бүтээгч байх боломжоо алдана гэсэн үг. Эргээд бид экспортлогч орон байя гэхэд 198 сая хэрэглэгчийн зах зээл рүү тасралтгүй нийлүүлэх үйлдвэрлэлийн хүчин чадалтай улс мөн үү гэдэг асуулт. Тэгэхээр бид ердөө тус холбооны гишүүн орнуудын экспортын гол суваг болох л зураглал харагдаж буй юм.
Бид өнөөдөр хөгжиж буй, олон улсад нээлттэй, ардчилсан улсын статусаар дэлхийн газрын зураг дээр тэмдэглэгддэг. Энэ нь бидний цаашид ч баримтлах улс орны үнэт зүйл мөн билээ.
Төгсгөлийн оронд, Монгол Улс Евроазийн Эдийн Засгийн Холбоонд элсэх нь манай улсын хувьд ОХУ-ын хамтрагч орнууд дахь барууны нөлөөг бууруулах, өөрсдийн түшиц хэвээр байлгах улс төрийн ашиг сонирхлыг алгаа тосон хүлээн авч буй явдал юм. Тиймэс ажиглагч орны байр сууриа хадгалах нь өнөөдрийн хамгийн эрүүл гарц байж мэднэ.