Гэр бүл, хөдөлмөрийн сайд ам нээх бүрдээ ипотек ярьж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэйнх үү
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нь барилга, орон сууц, ипотек ярьж энэ улс оронд хөл толгой нь мэдэгдэхээ байлаа” гэдэг шүүмжлэл гараад байна. Л.Энх-Амгалан сайд,
- Ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулж, батлан даалтын сангаас гаргадаг байх шийдлийг судалж байна.
- Хүүгийн шатлалтай ипотекийн зээлийн шинэ журмыг нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхэлнэ
- Амины орон сууцанд ипотекийн зээл олгодог болно
- 2-3 хүүхэдтэй залууст 50 мкв хүртэлх орон сууцны ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг гаргах, урьдчилгааг багасгах, урьдчилгаа төлбөрийн тодорхой хэсгийг зээлийн батлан даалтын сангаас гаргуулах шийдлүүд дээр ажиллаж байна гэхчлэн тасралтгүй ярьж байгаа юм.
Уг нь түүний яамны чиг үүрэг арай өөр.
Үндэсний орон сууцжуулалтын хороог 2024 оны есдүгээр сард байгуулж, Ерөнхий сайд ахалж буй. Ипотекийн зээлийн журмыг шинэчилж, зорилтод бүлгийг орон сууцжуулах зорилготой хороо. Сайд Л.Энх-Амгалан уг хорооний гишүүнээр багтсан тул энэ чиглэлээр ярьж байгаа гэж ойлгогдож буй. Мөн Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан залуу гэр бүлээ орон сууцжуулах бодлогоор дуугарч байнэ гэж ч зөвтгөж болохоор.
Гэвч тэр Барилга, хот байгуулалтын сайд Ж.Батсуурийн өмнөөс ам нээх бүртээ ипотек гэж ярьж байгаа нь зохимжгүй байна. Өөрийнх нь салбар яаманд ярих, хөндөх, хийх ажил бишгүй л их баймаар. Бүр гурван том салбарын асуудлыг нэгтгэсэн яамны сайд шүү дээ.
Түүнийг улс төр дэх MCS -ийн төлөөллүүдийн нэг гэдгийг олон нийт эчнээ мэднэ. 1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан намтар бий.
Улаанбаатарын дахин төлөвлөлтийн хүрээнд дэд бүтэцжүүлэх, түүн дээрээ орон сууцнуудын хотхон сүндэрлүүлэх ажлыг эрчимтэй ярьсаар байгаа. Үүндээ дотоодын томоохон барилгын компаниудыг нээлттэй оруулна гэдгээ Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн.