Сүүний кластер фермийн төсөлд 30 өрх хамрагдаж, дотоодын зах зээлд есөн сая литр сүү нийлүүлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн сүүний кластер цогцолбор фермд ажиллалаа.
Мөн УИХ-ын гишүүн, УИХ дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч М.Мандхай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Төв аймгийн Засаг дарга И.Төмөрчөдөр болон бусад албаныхан “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн сүүний кластер цогцолбор фермд ажиллалаа.
“Нүүдэлчин агро ферм” ХХК 2018 оноос сүүний кластерын стандарт загвар фермийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2018 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт 400 толгой, 2020 онд Аргалант суманд 480 толгой, 2023 онд Баянхангай суманд 240 толгой саалийн үнээ бүхий сүүний кластер цогцолбор ферм байгуулсан байна.
Төслийн хүрээнд гурван кластер цогцолбор ферм ашиглалтад оруулсан бөгөөд нийт сүүний чиглэлийн Монбельярд үүлдрийн 1000 толгой саалийн үнээтэй. Төсөлд одоогоор 30 өрх хамрагдсан бөгөөд төслийн үр дүнд орон нутагт 100 орчим иргэн байнгын ажлын байраар хангагдаж, дотоодын сүүний үйлдвэрүүдэд есөн сая литр сүү нийлүүлжээ.
“Нүүдэлчин агро ферм” ХХК гурав дахь төслөө хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ийн хүрээнд олгогддог хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, эрчимжсэн фермд шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ импортын гаалийн татвараас чөлөөлүүлсэн байна. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хууль эрх зүйн орчин сайжирч, үндэсний аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгон, татвар, урамшууллын бодлогоор дэмжиж байгаад талархаж байгаагаа “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн захирал Ж.Баттөгс илэрхийлэв.
Залуу гэр бүл Б.Оргилынх “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд хамрагдаж 2024 оны наймдугаар сараас фермерийн аж ахуй эрхэлж эхэлжээ. Тэд одоогийн байдлаар сүүний чиглэлийн Монбельярд үүлдрийн 18 үнээтэй бөгөөд нэг үнээнээс өдөрт дунджаар 18 литр сүү сааж, сүүний үйлдвэрт нийлүүлж байна.
Сүүний кластерын стандарт загвар фермийн төсөлд хамрагдсан залуу ферм эрхлэгчдэд сүүний урамшуулал томоохон дэмжлэг болдог байна. Тиймээс сүүний урамшууллыг бүтэн жилийн турш олгох нь сүүний фермер эрхлэгчдийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд томоохон дэмжлэг болно гэдгийг энэ салбарынхан онцолж байлаа.
Салбарын яамны мэдээллээс үзвэл жил бүр сүүний урамшуулалд хамрагдах малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч, аймаг, орон нутгийн сүү үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо нэмэгджээ. Энэ нь сүүний урамшуулал 500 төгрөг байсныг 1000 төгрөг болгож нэмэгдүүлсэнтэй холбоотой аж. Үүний үр дүнд 2020 онд 6.8 сая литр байсан түүхий сүүний нийлүүлэлт жил дараалан өсөж 2024 онд 29.1 сая литр болж нэмэгджээ.