О.Сийлэгмаа: УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Саранчимэг нар БЗС-аас тэтгэлэг авсан ч сурсан эсэх нь тодорхойгүй байдаг
Боловсролын зээлийн сан (БЗС)-ийн ахлах мэргэжилтэн асан О.Сийлэгмаа өнөөдрийн өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө “2013-2022 оны хооронд Боловсрол, шинжлэх ухааны сайд байсан хүмүүс тушаал гаргаж, бараг 22 сая ам.долларын зээлийг тэглэсэн. Зээл тэглэлт бол тэр чигээрээ зөрчил” хэмээн мэдэгдээд байгаа.
Ардчилсан намаас эхлэлтэй энэхүү завхралыг Монгол ардын үе үеийн Боловсрол, шинжлэх ухааны сайд нар гажуудуулжээ гэж товчхондоо дүгнэж болно.
Тэрбээр тус санд дөрвөн сар ажиллахдаа БЗС-ийн удирдлагууд болон БШУЯ-ныхан журмаа илт зөрчиж тэтгэлэг, зээл олгодог, ар өврийн хаалга хэрэглэдэг, эрх мэдэлтэн, албан тушаалтанд үйлчилдэг, цаашилбал, тэтгэлэг авсан суралцагчдын кредит цагаар тооцож үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэхдээ хариуцлагагүй ханддаг зэргийг илчилж, шүгэл үлээгээд ажилгүй болсон нэгэн юм.
Ярилцлагатай нь холбогдуулж бид түүнээс зарим зүйлийг тодрууллаа. Учир нь татвар төлөгчдийн төлсөн 22 сая ам.доллар гэдэг бага мөнгө биш билээ.
БЗС-ийн ахлах мэргэжилтэн асан О.Сийлэгмаа:
-Зээлээ тэглүүлсэн хүмүүс дунд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Саранчимэг хоёр байгаа. Энэ хоёр хүн хоёулаа БЗС-аас тэтгэлэг авсан боловч, сурсан эсэх нь тодорхойгүй. Б.Энхбаярын намтар дээр гадаадад сурсан гэсэн өгүүлбэр ч байхгүй байгааг хараарай. Төгсөөгүй байж 32000 ам.долларын зээлүүдээ 2018 онд тэглүүлсэн.
Үүгээр зогсохгүй, одоогийн БЗС-ийн удирдлагууд болох Д.Гарди 32000 ам.доллараа 2022 онд /өөрийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн гарын үсгээр цуцалсан/, Г.Батнэмэх төгсөөд гурван жил ажиллаад л 32000 ам.долларын зээлээ 2014 онд тэглүүлсэн байх жишээний. Зээлээ хуулиас давж тэглүүлсэн хүмүүс одоо БЗС-нд ажиллахаар зээл тэглүүлэх сонирхол байх уу? гэв.