Нэр дэвшигчдийн ясыг нь цайтал шалгах хугацааг бидэнд өг

0

УИХ-ын 126 гишүүнтэй байх, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаас сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдлээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт Үндсэн хуулийн нэг хэсэг болж хүчин төгөлдөр боллоо. Ирэх 2024 оны сонгуулийн санал хураалтыг хуульд заасанчлан зургадугаар сарын 17-28-ны ажлын өдөр товлож таарна. Санал авах өдрөөс жилийн өмнө Сонгуулийг хуулийг өөрчилж болдоггүй тул УИХ ирэх долоо хоногт УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ээ.

Парламент дээр МАН-ын Н.Энхболд нарын болон АН-ын О.Цогтгэрэл нарын өргөн барьсан тусдаа хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэж байна. Гэвч намууд сонгогч төвтэй шинэчлэл хийхийг хүссэнгүй. Зохицуулалт нь жагсаалтаа хэрхэх билээ, ухуулагчаа яах билээ, бие даагчийг хэрхэх билээ, жижиг намуудын хамтарсан эвслийг яаж мухардуулах билээ гэсэн дээр л төвлөрчээ.

Сонгууль бол Монгол Улсын иргэдэд дөрвөн жилд нэг удаа л олддог төрөө эмхлэн байгуулах боломж. Нэр дэвшигчид тогос шиг гоёод өөрийгөө “алтан цээжтэй мөнгөн бөгстэй” болохоо ухуулж, яаж иргэдийг төлөөлөн ажиллах вэ гэдгээ өчдөг хэдхэн хоногийн үйл явдал. Сонгогчиддоо нүүргүй болсон хэсэг нь ширлэн гүйж ирж уулздаг, сайн ажилласан нь урам зориг аваад итгэл төрдөг учрал. Харамсалтай нь үе үеийн парламент Монголын ард түмнийг төлөөлж дөрвөн жил хууль тогтоох, цаашлаад засаг барих улсуудыг ясыг нь цайтал шалгах хугацааг сонгогчдод өгч байсангүй ээ. 126 улстөрч сонгоход 1000-аад хүн сонгуульд өрсөлдөх байх аа. Гэвч тэднийг судлах, харьцуулах боломжит хугацааг УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслөөр иргэдэд өгөхөөргүй байна.

Тэгэхээр ийм санал байна аа.

  1. Улс төрийн нам, эвслүүдийн нэр дэвшигчдээ тодруулах хугацааг нааш нь татъя. МАН Бага хурлаа, АН ҮБХ-ны хурлаа эрт хийг. Тойрогт нэр дэвших хүмүүсээ, намын жагсаалтад багтах хүмүүсээ эрт тодруулаг. Хоорондоо алалцана уу, нэгнээ матарлана уу, ухна уу жирийн иргэн бидэнд ямар хамаа байх билээ. Тэд нэгнээ илчлэх, хэн болохыг нь зарлах тусмаа л сонгогч бидэнд сайн. Хэн нь ямар хүн болохыг нь намынхнаас нь илүү хэн мэдэх билээ. Намын жирийн гишүүдийнхээ шалгуурыг даваад, судалгаагаар илүү гарсан нь, олон нийтийг төлөөлж чадна гэж итгэл хүлээсэн хүн нь л орж ирэг ээ. Тэгэхээр нам, эвсэл сонгуулийн санал хураалтаас 45 хоногийн өмнө нэр дэвшигчээ тодруулж долоо хоногийн өмнө дуусгана гэсэн заалтыг өөрчилж, 90 хоногийн өмнө болгоё. УИХ-ын гишүүдийн тоо 76-аас 126 болсон тул нэр дэвшигчийг эрт таних хугацааг сонгогчдод өг. Бие даагчид ч 90 хоногийн өмнө СЕХ-нд материалаа өгөг.
  2. Сонгуулийн ерөнхий хороо санал хураалтаас 22 хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэх өгч, тухайн улстөрчийн сонгуулийн сурталчилгаагаа явуулах эрхийг нээдэг. Далд сурталчилгаа наана нь эхэлчихдэг л дээ, одоо ч явж байна. Гэхдээ 22 хоногийн хугацаанд тухайн улстөрчийн хэн болохыг нь сонгогч таньж амждаггүй юм аа. Бүр санал хураах өдөр нэр дэвшигчдээ танихгүй, ямар хүн болохыг нь мэдэхгүй хүмүүс “хэнийг дугуйлбал зүгээр вэ” гээд хүнээс асуугаад хүний ам хараад зогсож байдаг. Тийм учраас албан ёсны сурталчилгааг эрт нээе. Нэр дэвших тойрогтоо эрт ирж, хүмүүстээ уулзаг. Байцаагдаг. Сурталчилгааны эхний 20 хоногийг зөвхөн иргэдтэй уулзахад зарцуулахыг хуульчилж болно шүү дээ. Сонгуулийн үеэр намаас нэр дэвшиж байгаа улстөрчид намын гишүүдтэйгээ уулзсаныгаа “иргэдтэй уулзлаа. Намайг дэмжиж байна” гэж хэлж ярьдаг. Ийм вакумжуулсан, хайрцагласан уулзалт руу иргэд ороод ясыг нь цайтал шалгах хэрэгтэй дээ.
  3. Улстөрчдөд телевиз, сайт, нийгмийн сүлжээний сурталчилгааны зардал өндөр гардаг. Сурталчилгаа дотроо телевизээр явуулах сурталчилгааг бүр болиулж, зөвхөн мэтгэлцээн гаргадаг болмоор байна. Нэг тойрогт хамт нэр дэвшиж байгаа улстөрчид улс төр, эдийн засаг, эрх зүй, бизнес, гадаад бодлого, уул уурхай, хөдөө аж ахуй гээд тодорхой сэдвүүдээр хоорондоо мэтгэлцэг. Энэ мэтгэлцээнийг телевизүүд зохион байгуулж өөрсдийн эфирээр улстөрчдийн дундаасаа босгож өгсөн төлбөрөөр гаргаг. Тэгж байж нэг хавтгай дээр цогц мэдээллийг сонгогчид харж, тэднийг хооронд нь харьцуулах боломжтой болно. Тэгэхгүй бол мөнгөтэй улстөрчид өдөр шөнөгүй өөрийгөө рекламддаг, мөнгөгүй боловч боловсрол, мэдлэгтэй, шударга хэсэг нь зурагтаар гарч ч амжихгүй танигдахгүй үлддэг. Үр дүнд нь ясыг нь цайтал харьцуулж чадаагүй сонгогчид илүү нэр нь танигдсан, хаа нэгтэйгээс зургийг нь харсан нөхрийг сонгоод дөрвөн жил харамсаж амьдардаг даа. Тэгэхээр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн телевизээр явуулах сурталчилгаа зөвхөн мэтгэлцээн хэлбэртэй байх бөгөөд зардлыг нь нэр дэвшигчид хувь тэнцүүлэн гаргах агуулгаар өөрчилчихье.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *