МАНСУУРАЛГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

0

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ургамлын болон синтетик гаралтай хэмээн ангилдаг. Олон улсад ургамлын болон синтетик гаралтай мансууруулах бодисын хууль бус үйлдвэрлэгч, наймаалагч таван том төвлөрөл бий гэж үздэг. Үүнд: “Алтан гурвалжин” (Тайланд, Лаос, Мьянмарын хилийн бүс), “Алтан хавирган сар” (Aфганистан, Пакистан, Ираны хилийн бүс), “Мөнгөн гурвалжин-Картель” (Колумб, Болив, Перу, Мексикийн хилийн бүс нутаг), “Хар гурвалжин” (Нигер, Гана, Кени, Судан, Өмнөд африк) гэх зэргээрнэрлэсэн байдаг.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны 2020 оны судалгааны тайланд дэлхийд 188 сая хүн каннабис, 82 сая хүн опиум, 29 сая хүн амфетамин, 21 сая экстази, 18 сая хүн кокайн хэрэглэдэг.[1]

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба 2020 оны 12 дугаар сарын 04-нд хуралдаж, ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу каннабисын ургамлыг 1961 оны Мансууруулах эмийн тухай олон улсын конвенцын IV жагсаалтаас хасах шийдвэр гаргасан. Мөн олон улсын хэмжээнд хууль бус болон хууль ёсны канабисын зах зээлийн хэмжээ 2020 оны байдлаар 344 тэрбум ам.доллар хүрсэн гэх судалгааг Швейцарын холбогдох агентлагаас танилцуулсан байдаг. Харин бүс нутгийн хувьд жил бүр Ази тивд 132.9 тэрбум ам.доллар, Хойд Америкт 85.6 тэрбум ам.доллар, Европ тивд 68.5 тэрбум ам.доллар Африк тивд 37.3 тэрбум ам.доллар, Латин Америкт 9.8 тэрбум ам.долларын хууль бус болон хууль ёсны марихуаны худалдаа явагддаг.[2]

Харин улс орнуудын хувьд АНУ, БНХАУ, Канад улс хууль ёсны канабисын зах зээлд тэргүүлдэг бөгөөд зөвхөн АНУ-д жил бүр 34 тэрбум ам.долларын “CBD” нэгдэл бүхий бүтээгдэхүүнийг эмчилгээний зориулалтаар борлуулдаг байна. АНУ-д марихуаныг хувь хүн тусгай дэлгүүр, эмийн сангаас худалдан авч, гэрийн нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрчээ. Ингэж хуульчилсан явдал нь нэг талаас тухайн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисод дурлагсадыг 28 хувийг дэвэргэж байгаа боловч, нөгөө талаас чанаргүй бодисоос хордож үхэх явдал хоёр дахин буурсан үзүүлэлт гарчээ. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус бизнес 30 хувиар буурсан үзүүлэлт гарсан.

Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авах, тээвэрлэх, хэрэглэх, зарж борлуулах явдал жил ирэх тусам өсч буй шалтгаан нь гадаад, дотоод орчин, улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай салшгүй холбоотой.

2010 оны НҮБ-ын тайланд дурдсанаар Монгол Улсыг хар тамхи мансууруулах бодис дамжуулан өнгөрүүлэгч улс гэж үзсэн байсан бол 2014 оны тайланд манай улсыг хэрэглэгч улс орон болсон гэж дүгнэсэн нь цаашид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг анхааруулсан байна.

2020 оны байдлаар Монгол Улсын хилээр ОХУ-аас сэтгэцэд нөлөөт эм болон байгалийн гаралтай ургамал бодис, БНХАУ болон Зүүн өмнөд Азийн орнуудаас синтетик төрлийн бодисууд, АНУ болон Европын зарим улс орноос интернэт орчин, шуудан ашиглан, ачаа бараа, эд зүйлст нуун далдлах аргыг хэрэглэн, зохион байгуулалттайгаар нэвтрүүлэх явдал ихсэх хандлагатай байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис дараах урсгалаар манай улсад нийлүүлэгдэж байна. Үүнд:

  • БНХАУ болон Азийн орнуудаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тухайн орны болон гэмт этгээдүүдээр дамжуулан зуучлуулан худалдан авч, шуудан илгээмж, карго, хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бараа зэрэгт нуух аргаар улсын хил нэвтрүүлдэг.
  • ОХУ-аас шинэ төрлийн мансууруулах бодисын зах зээл бий болсон. Манай улсын иргэд ОХУ-д чөлөөтэй зорчдогтой холбоотойгоор дээрх аргуудаар мөн улсын хил нэвтрүүлдэг.
  • Европын орнуудаас гол төлөв интернет ашиглан мөс, гашиш, экстази, ЛСД зэрэг бодисыг худалдан авч, шуудан илгээмжээр тээвэрлэсэн зэрэг гэмт хэрэг бүртгэгдэж байгаа юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *