Ерөнхий сайдын айлчлалаар Хятадын своп хэлцлийн гэрээг дахин гурван жилээр сунгана
Монгол Улсын Төв банк БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацаа ирэх сарын 1-нд дуусна.
Тиймээс Ерөнхий сайдын айлчлалаар своп хэлцлийн хугацааг дахин сунгах асуудлыг хөндөж, шийдвэрлэх зорилготой юм. Ерөнхий сайд зургадугаар сарын 26-аас долдугаар сарын 1-н хүртэл БНХАУ-д албан ёсны айлчлал хийх тов гарсан бөгөөд бэлтгэл ажилдаа ороод байгаа юм.
Өмнө нь манай улс тус хэлцлийг гурван удаа сунгаж байсан билээ. Тиймээс дахин сунгах саналыг дээд түвшинд өмнө нь хоёр ч удаа тавьж байсан. Ингээд Ерөнхий сайдын айлчлалаар бүрэн шийдэгдэх хүлээлт байгаа юм. Хэрвээ 2023 оны долдугаар сараас өмнө талууд “Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-г сунгаж чадахгүй бол Монголын Төв банк 6 их наяд орчим төгрөгтэй тэнцэх эх үүсвэрийг Хятадын ардын банкинд төлнө.
Сануулахад, Монгол Улсын Төв банк БНХАУ-ын Ардын банктай 2011 оноос юань-төгрөгийн свопын хэлцэл байгуулж, 2014 онд своп хэлцлийн дүнг 15 тэрбум юаньд хүргэсэн. Ингэхдээ гурван жилийн дараа төгрөгөөр солилцсон юаниа эргүүлэн Хятадын Ардын банкинд төлөх нөхцөлтэй хэлцэл байгуулж байсан. Гэвч 2014 оноос хойш Хятадын Ардын банктай байгуулсан юанийн своп хэлцлийн хугацааг манай талын саналаар гурван удаа буюу 9 жил сунгаад байгаа. Сүүлд 2020 онд сунгасан хугацаа 2023 оны долдугаар сарын 1-нд дуусна.