У.Хүрэлсүхийн реформ: Төсвөөс жилд 4 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт авдаг намуудын санхүүг шилэн болгоно
УИХ Үндсэн хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, үнэмлэхүй эрх мэдэл бүхий Ерөнхий сайдтай болох заалтуудыг баталсан. Тэр цагаас хойш дөрвөн жилийн дараа буюу 2023 оны тавдугаар сарын 31-нд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ёсчиллоо. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох дээд байгууллага ирэх сарын 01-нээс өмнө хоёр том хуулийн төслийг амжиж баталсан нь энэ. Харин одоо үе үеийн парламентын босгыг өнгөрсөн 18 жилд давж чадаагүй Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж эхэлнэ. УИХ-д МАН үнэмлэхүй олонхи, улс төрд олон жил шадарлаж яваа Г.Занданшатарыг спикер байх үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийнхүү дээрх хуулийн төслийг санаачилж, парламентаар хэлэлцүүлэхээр боллоо. Өөрөөр хэлбэл, Монголын улс төрд томоохон шинэчлэл хийх хуулийн төслийг У.Хүрэлсүх санаачилж, Г.Занданшатарын үед УИХ хэлэлцэнэ. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад хоёр удаа, Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн алба хашиж байхад нэг удаа зүтгүүлээд УИХ-ын босго давж чадаагүй хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямар содон заалтууд тусгасныг сонирхуулъя. Хууль санаачлагчийн зүгээс таван гол чиглэлийг үндэслэл болгон Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ.
- Төслийн 21 дүгээр зүйл буюу намыг идэвхгүйд тооцох тухай. Энэ нь намуудын хариуцлагатай холбоотой. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 21.1-д заасанчлан сонгуулийн төв байгууллага дараахь тохиолдолд намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэр гаргах аж.
21.1.1. УИХ-ын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан нэр дэвшүүлэн оролцоогүй
21.1.2. Энэ хуулийн 37.2-т заасан үүргээ зөрчин хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй
21.1.3. Намын удирдах дээд байгууллагыг, эсхүл төлөөллийн төв байгууллагыг таван жилийн хугацаанд хуралдуулаагүй
21.2. Намыг идэвхгүйд тооцсон бол тухайн намд олгох төрийн санхүүжилтийг зогсоох бөгөөд нам бүх шатны сонгуульд оролцох эрхгүй болно. Энэ хугацаанд намын гишүүний аливаа сонгуульд бие даан нэр дэвших эрхийг үл хязгаарлана.
- Дээрх заалтуудаас харвал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улстөрчид хийгээд намчдын зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэж мэдэх хуулийн төслийг санаачилсан бололтой. Санаачлаад зогсохгүй УИХ-ын босгоор давуулж чадсан нь МАН болон бусад намын эмзэг цэгүүдийг хатгасан ч байж болох. Ганцхан жишээ дурдъя. Н.Алтанхуягийн үед АН найман жил хурлаа хийж чадаагүй гэлцдэг. Хэрэв тэр үед У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч байгаад энэхүү хуулийн төслийг УИХ баталсан бол СЕХ АН-ыг аль хэдийнэ идэвхгүй нам болгочих байлаа. Улс орны хөгжлийн төлөө үзэл бодлоо уралдуулдаггүй, өөр хоорондоо хэрүүл талцаж хийж, намынхаа хурлыг ч хуралдуулж чадахгүй нанчилддаг намуудад сонгуулийн төв байгууллага хариуцлага тооцож, идэвхгүй болгох тухай хуулийн заалтыг төсөлд тусгасан нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс намчдад өгсөн хатуухан сануулга бөгөөд Монголын улс төрд хийх шинэчлэлийнх нь зөвхөн нэг хэсэг. Тэрбээр “Улс төрийн нам бол бодлогын институци байх ёстой” хэмээх үзэл баримтлалыг тунхаглаж, намуудыг дэргэдээ судалгааны төв, сантай байх тухай тусгажээ.
- Парламентад суудалтай намууд төсвөөс яаж санхүүждэг вэ. Энэ асуулт улстөрчдийн төдийгүй жирийн иргэдийн анхаарлыг ихээхэн татдаг. Гэсэн хэдий ч намууд төсвөөс авдаг мөнгөө хэрхэн зарцуулдаг нь нам бус иргэн байтугай намын жирийн гишүүд, дэмжигчдэд ч хаалттай сэдэв байсаар ирсэн. УИХ-д суудалтай намуудад төсвөөс жилд дунджаар дөрвөн тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгодог. Дөрвөн жилд 20 гаруй тэрбум төгрөг гэсэн үг. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ баталбал намуудын санхүүжилтийг олон нийтэд нээлттэй, шилэн болгох юм. Хэрэв төсөв, санхүүгийн тайлангаа ч гаргаж өгөхгүй, БНН-ын дарга Б.Жаргалсайхан Хөгжлийн банкны зээлээ төлөхгүй хэрүүл хийж, танхай загнаж байгаатай адил үйлдлийг намуудын удирдлагууд гаргавал СЕХ тухайн намыг шууд идэвхгүй болгоно. Харин нам нь идэвхгүй болсон ч гишүүдийнх нь бие даан сонгуульд нэр дэвших эрхийг нээлттэй үлдээж буй нь Үндсэн хуульд заасанчлан иргэний сонгох, сонгогдох эрхийг энэ хуулийн төсөлд давхар тусгаж өгсөнтэй холбоотой. Энэ бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс улстөрчид болон хагарал, талцлаас өөр хийж гавьсан зүйлгүй, өөрийн гэсэн үнэт зүйлгүй, сонгууль дөхөхөөр л амилцгаадаг арилжааны намуудад өгсөн бас нэгэн сануулга. УИХ-д суудалтай намууд төсвөөс орж ирсэн санхүүжилтийнхээ 20 хувийг судалгаанд, 20 хувийг эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд, 20 хувийг иргэдийг соён гэгээрүүлэхэд зарцуулахыг хуулийн төсөлд тусгажээ. Хэрэв УИХ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хуулийн төслийг баталбал намууд сонгуулиар сонгогчдын хоёр хувиас дээш санал авбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2750 төгрөгөөр үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний санхүүжилтийг төсвөөс авна. Өөр нэгэн зүйлийг онцлоход, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намуудад тэрбум, тэрбумаар хандив өгдөг байдлыг хязгаарлах заалтыг хуулийн төсөлдөө тусгажээ. Тодруулбал, хувь иргэн тухайн намд жилд зургаан сая төгрөгийн хандив өгнө. Намд хандив өгч буй компаниудын эзэд охин компаниудаараа дамжуулан мөнгө өгдгийг зогсоож, зөвхөн эцсийн өмчлөгч л хандив өгдөг болох аж. Ингэснээр өөрсдийгөө “Би энэ намын АТМ” гэж даналздаг олигархиудын үйлдлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хазаарлаж, улс төрийн намуудын санхүүд аудитийн дүгнэлт гаргах хатуу заалтыг оруулжээ. Намуудын санхүүд хийсэн аудитын дүгнэлтийг СЕХ-д хүргүүлж, УИХ нээлттэй сонсгол хийдэг болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийнхүү намуудад хандив өгөх нэрийдлээр авлигын схем үүсгэдэг байдлыг зогсоож, Монголын улс төрд шинэчлэл хийнэ. УИХ-ын 2024 оны сонгууль болоход ганцхан жил үлдлээ. Намууд жагсаалтад багтах болон тойрогт нэр дэвших гишүүдээсээ хэдэн төгрөгийн дэнчин авах эсэхээ сэм ярилцаад эхэлсэн үе. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хуулийн төслөөс харвал, намууд нэр дэвшигчдээс дэнчингийн мөнгө авдаг үзэгдлийг Улс төрийн намын тухай хуулиар хориглох аж. Ерөнхийдөө намууд одоогийнхоосоо 3-4 дахин бага зардлаар үйл ажиллагаагаа явуулдаг болно. Гэхдээ улс төрийн хүрээнийхэн Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ хэлэлцэж, хэрэгжиж эхлэх хугацааг хэдийгээр болгож тогтоохыг анаж суугаа нь тодорхой. Товчхондоо, тэд хууль хэрэгжиж эхлэхээс өмнө дэнчингийн мөнгөө хураах “хор” найруулахыг үгүйсгэхгүй.
- Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хуулийн төслийг УИХ баталбал Бүгд найрамдах нам, “Эх орон” зэрэг нэг хүн, компаниар овоглодог намууд номондоо орцгооно. Учир нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд намуудын дотоод ардчиллыг хуульчилж өгч байгаа юм. Нам болгон дэргэдээ их хурал, Бага хурал, Хяналтын хороотой байна. Ингэснээр ар, өврийн хаалгаар мөнгө орж ирэх үзэгдэл зогсоно. СЕХ-ны хувьд, нам хариуцсан яам шиг болно. У.Хүрэлсүх хашир туршлагатай улстөрчийн хувьд, сүүлийн үед ард иргэдийн зүгээс төрд итгэх итгэл суларч, УИХ-ын нэр хүнд унаж байгааг гярхай олж харсан нь санаачилсан хуулийн төслөөс нь “уншигдана”. Төр бол нүдэнд үзэгдэж, гарт баригддаггүй институци. Харин төрийг эзэн биетэй болгож, ард иргэдийн зүгээс хариуцлага нэхэх, хариуцлага тооцох механизм болгодог нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар… Энэ гурван институцийн гол эх ундарга нь улс төрийн нам. Дээр дурдсанчлан төрийн нэр хүндийг унагаж буй нь намуудаас санал болгож томилсон, сонгосон албан тушаалтнууд. Нэг ёсондоо, ард иргэдийн хэлж заншсанаар намчид юм. Намчид төрийн салаа, мөчир бүрийг эзэгнэж, үг, үйлдлээрээ олны шүүмжлэлд өртөж, тэр хэрээр төрийн нэр хүндэд сэв сууж буй энэ үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгогддог, томилогддог албан тушаалтнуудад маш хатуу шалгуур тавихаар хуулийн төсөлдөө тусгажээ. Тодруулбал, нам албан тушаалд дэвшүүлэх гэж буй гишүүдийнхээ талаар хэлэлцэнэ. “Энэ уг нь боломжийн хүн. Даанч луйварчин. Гэлээ гээд яалтай вэ. Өөр хүн алга” гээд төрийн эрх дарх бүхий суудлыг хэн нэгэнд бэлэглэдгийг У.Хүрэлсүхийн санаачилсан хуулиар хориглоно.
- Намын дарга санхүүгийн баримт дээр гарын үсэг зурахыг хориглоно. Харин намын Ерөнхий нарийн бичгийн дарга гарын үсэг зурах эрхтэй үлдэнэ. Нам Бага хурлаараа санхүү хариуцсан ажилтнаа сонгоно, хариуцлагыг ч түүнтэй л тооцно. Намын санхүү хариуцсан ажилтан СЕХ-д бас бүртгүүлнэ. Өөрөөр хэлбэл, тухайн намын санхүүжилттэй холбоотой хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл гарвал хариуцлагыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга, санхүү хариуцсан ажилтан хоёр үүрэх нь. Нэг нь гарын үсэг зурдаг, нөгөө нь Бага хурлаар сонгосон хариуцлага хүлээх албан тушаалтан учраас тэр. Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хуулийн төслийн тав дахь гол чиглэл нь арай өөр агуулгатай. Энэ нь намын хатуу гишүүнчлэлээс татгалзах тухай юм. Намын жинхэнэ ба дэмжигч гишүүдийг ялгаж хуульчилна. Өнөөдөр “Нам” гэсэн сэтэртэй л бол бүгд татвараа төлөх үүрэгтэй. Харин Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар дэмжигч гишүүд заавал татвар төлөхгүй болох аж. Учир нь тэд хатуу гишүүнчлэлгүй. Харин “Улс төрд зүтгэнэ. Улс төрийн карьер хөөнө” гэсэн хүмүүс татвараа төлөх үүрэг хүлээнэ. УИХ Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа эмэгтэйчүүдийн квотыг 2024 онд 30 хувь, 2028 онд 40 хувь байхаар хуульчилсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан хуулийн төслөөс харвал, намын дотоод сонгуульд эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь, намаас томилогддог, сонгогддог албан тушаалын хувьд 30 хувь байвал ямар вэ гэдэг саналыг дэвшүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан, парламентын босгыг өнгөрсөн 18 жилд давж чадаагүй Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ халуухан, ширүүхэн мэтгэлцээн дунд хэлэлцэх нь дээрх заалтуудаас харагдана. Улстөрчдийг уурлуулж, намуудын санхүүжилтийг ил болгож, үйл ажиллагааг нь хуулиар чангатгах энэхүү хуулийн төслөөс үүдэн нэгэн маргаантай сэдэв гарч ирсэн нь намуудын байр. Эрх баригч МАН гэхэд ард иргэдийн хандиваар боссон Тусгаар тогтнолын ордонтой. Харин АН таван байртай аж. Нам, улс төрд олон жил зүтгэсэн “хашир бурхиуд” сануулж хэлснийх үү, “Хэзээ нэгэн цагт хураагаад авчихаж магадгүй” гээд намуудын байр төрийн бус байгууллага, иргэдийн нэр дээр байдаг юм байна. Тэгэхээр Улс төрийн намын тухай хуульд намуудын байртай холбоотой заалтыг хатуу тусгах гэхээр хувь хүн, байгууллагын өмчид халдах болчихоод байгаа аж. Энэ бол УИХ хуулийн төслийг хэлэлцэх үеэр маргаан үүсгэх сэдэв мөн.