Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Баянхонгор аймаг “Шинэ суурьшлын бүс” байгуулж, гэр хорооллоо орон сууцжуулж байна

0

Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах бодлого баримталж, аймгууд онцлог, боломждоо тулгуурласан нээлттэй хөтөлбөр гарган ажиллаж байна.
26778  өрх, 90 гаруй мянган хүн амтай Баянхонгор аймаг “Шинэ суурьшлын бүс” байгуулж, гэр хорооллоо орон сууцжуулж, ажлын байр бий болгох  зэрэг төсөл хэрэгжүүлж эхэлжээ.
Баянхонгор суманд улсын төсвийн 25,7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр инженерийн шугам сүлжээ татах ажлыг 2022 онд эхлүүлжээ. Энэ онд таван багийн нутагт дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ татах юм байна.
Баянхонгор сумын баруун урд  320 га талбайд шинэ суурьшлын бүс байгуулах ажил эхэлжээ. Энд 2126 өрхийн 7441 хүн ам суурьшина. 2021 онд “Цэвэр хот” төслийн хүрээнд нэг тэрбум төгрөгөөр цэвэр усны төв магистраль шугам, усан сан, бохир усны шугам татаж, 640 хүүхдийн сургууль, 14 ортой эмнэлэг, 100 айлын орон сууцны хоёр барилга ашиглалтад оруулж, 500 айл өрхөд эзэмшлийн газар олгожээ. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээний болон хатуу хучилттай авто замын ажлууд хийж, ингэний сүүний үйлдвэр, 1000 тн-ын багтаамжтай мах, ногооны зоорийн барилгуудыг ашиглалтад оруулахаар ажиллаж буйг аймгийн удирдлагууд танилцууллаа.


 
Баянхонгор аймгийн төвөөс Шаргалжуут наймдугаар баг хүртэлх авто замын төсөвт өртөг 60 тэрбум төгрөгийг 2024 оны Улсын төсөвт суулгаж өгөхийг аймгийн удирлагууд хүсэв. Тус аймаг аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой. Нэг чиглэл нь  Шаргалжуутын рашаан сувилал, жилд дунджаар 10-15 мянга орчим амрагч, жуулчид ирдэг. Авто зам ашиглалтад орсноор жуулчдын тоо хоёр дахин нэмэгдэж, аймаг, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн орлого нэмэгдэнэ гэж үзэж байна. Энэ саналыг аймгийн нийт иргэд Баянхонгор аймагт зайлшгүй хэрэгцээтэй хөрөнгө оруулалт гэж эрэмбэлбэл ирэх оны төсөвт тусгагдаад явна гэдгийг Ерөнхий сайд хэллээ.
Засгийн газраас орон нутаг төсвөө бие даан бүрдүүлэхэд нэн шаардлагатай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан шийдвэрлэх бодлого барьж байна. Мөн орон нутгийн хөгжлийг дэмжих хүрээнд нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх, ипотекийн зээлийн хүүг гурван хувь болгон бууруулсан зэрэг дэмжлэгийг хэрэгжүүлж эхлээд байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *