Х.Нямбаатар: Нүүрсний хулгайн асуудлаар хянан шалгах сонсгол явуулах түр хороо байгуулна
“Нүүрсний хулгай”-н асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах, бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах ажлын хэсгээс мэдээлэл хийлээ.
Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Нүүрсний хулгайн асуудлыг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэл шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод бодитой мэдээллээр хангах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор нүүрсний худалдан авалт, тендер, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-ын хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл ажлын хангах, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. УИХ-ын хяналт шалгалтын хуулиар Хяналтын сонсголыг зөвхөн түр хороо явуулах хуультай. Өмнө нь байгуулсан түр хороог 2022 оны зургадугаар сарын 10-нд байгуулсан. Энэ түр хороо хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын нэвтрүүлэх чадвар, боомтын үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн байгууллагууд, боомтын үйл ажиллагаанд оролцож байгаа аж ахуйн нэгжүүд, хил хяналтын бүсийн үйл ажиллагаа, нүүрс тээвэр ложисткийн нэвтрүүлэх чадвар, түүний өсөлт, экспортоор гарч байгаа нүүрсний гаалийн бүрдүүлэлт, чөлөөт бүсэд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа эрх зүйн орчны уялдааг шалгах гээд найман үндсэн асуудлаар ажиллуулахаар нэг жилийн өмнө байгуулж байсан.
Энэ түр хороо УИХ-ын даргын бидэнд захирамжилсан үйл ажиллагаатай холбоотой хяналтын сонсгол явуулах боломжгүй байна. Тиймээс тусад нь хяналтын сонсгол явуулах бие даасан түр хороо байгуулъя гэсэн. Манай ажлын хэсэг нотлох баримтыг шинжлэн судлах хяналт шалгалт зохион байгуулъя гэж санал нэгдлээ. Маргааш ажлын хэсэг санал дүгнэлтээ гаргана. Санал дүгнэлтийн нэгдүгээр агуулга нь нүүрсний асуудлаар бие даасан түр хороо байгуулах, хоёрт, түр хороо нь дараах хүрээгээр хяналт шалгалт сонсгол явуулах чиг үүрэг бүхий түр хороо байна. Олон оролцогчтой сонсгол явуулах учраас цаг хугацааны дарааллаа тусад нь санал дүгнэлтдээ дурдана.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Г.Ганболд гэдэг хүнийг Х.Нямбаатар гэдэг хүнээр сольчихлоо гэдэг буруу ойлголт яваад байна. Манайх бол ажлын хэсэг. Ажлын хэсэг шинээр түр хороо байгуулах уу, үгүй юү гэдэг дүгнэлтээ гаргана. Энэ дүгнэлт дээр үндэслээд УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх юм. Мөн нүүрсний нотлох баримтын сонсголыг бид заавал хийнэ. Харин хэзээ, яаж хийх вэ гэж ажлын хэсэг дээрээ ярьж байна. Түр хорооны дарга хаврын чуулгандаа багтаагаад хийе гэсэн байр суурьтай байх шиг байна.
Гэтэл нөгөө талдаа АТГ-аас хэрэг мөрдөн байцаах явцад нөлөө үзүүлэх гээд байгаа учраас сонсголыг хойшлуулж өгнө үү гэдэг бичиг ирээд гацчихсан байгаа. Хөгжлийн банкны сонсгол шиг хийхийн тулд цаг хугацаа шаардлагатай байна. Сонсголоо заавал хийнэ.